УОК-оос шийдвэрээ танилцуулж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан:
Өнөөдөр 06:00 цагт Улсын онцгой комисс хуралдаж, Улаанбаатар хот, аймаг сумаас гарах болон орох, хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гарсан.
Үүнтэй холбоотойгоор 06:00 цагийн байдоаар АТҮТ-өөс авсан мэдээллээр тухайн үед замд орон нутаг руу 22 тээврийн хэрэгслээр 550 зорчигч явж байсан. Орон нутгаас нийслэлийн чиглэн 21 тээврийн хэрэгслээр 521 зорчигч явж байсан. Тэдгээр иргэнийг тухайн очих газарт нь хүргэх шийдвэрийг гаргасан. Харин түүнээс хойш хөдөлгөөнийг хязгаарласан юм.
Авто замын боомтоор ОХУ-д зорчих Монгол Улсын иргэн, ОХУ-аас Монгол Улсад зорчих гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 29-ний өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан.
Дээрх хугацаанд ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан монгол иргэд болон Монголоос ОХУ-аар дамжин гарах хүсэлтэй гаднын иргэдийг тусгай журмаар улсын хилээр нэвтрүүлнэ.
Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлд аялах галт тэрэг болон орон нутгийн бүх чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл түр зогсоолоо. Ингэснээр 10-нд Улаанбаатараас хөдлөх Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 303-р галт тэргийг буцааж гаргахаар шийдвэрлэлээ.
Харин ачаа тээвэр хэвийн явна.
Эх сурвалж: ikon.mn