АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ БОЛОН НИСЭХ БУУДЛУУДАД
/Хаврын улирлын цаг агаарын санамж/
Манай ороны цаг агаар хамгийн их өөрчлөмтгий байдаг үе нь хаврын сарууд билээ. Хаврын улиралд дундад өргөргийн Өндрийн фронтын бүс /ӨФБ/ урдаас хойшлон манай орны нутаг дэвсгэр дээгүүр дамнан байрлах тул фронтын гаралтай циклоны эрчимшил, давтагдал ихсэж цаг агаарын нөхцөл байдал эрс хувьсамтгай болдог. Их хэмжээний цас орох, үүнтэй холбоотойгоор нам үүл ажиглагдах, борооны бөөн үүл хөгжих зэргээс мөстөлт ажиглагддаг бол, салхины улмаас ихээхэн хэмжээний газар нутгийг хамарсан цасан болон шороон шуурга шуурч алсын барааны харагдац муудах, нислэгийн замд сэгсрэлт, мөстөлт үүсэх, шар усны үер болох, хуурайшилт нэмэгдсэнээр ой хээрийн түймэр гарах зэрэг цаг агаарын аюултай үзэгдлүүд ажиглагддаг.
Дэлхийн цаг уурын байгууллагын зөвлөмжид Аливаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд аюул учруулж болох нөлөөллийг нь харгалзан 15 м/с ба түүнээс дээш салхийг хүчтэйд тооцдог бол Нисэх буудал, агаарын хөлгийн төрлөөс хамаарч хөөрч буух үеийн арын ба хөндлөнгийн салхины тогтоосон хязгаарлалтууд өөр өөр байдаг бөгөөд түүнээс давсан салхийг хүчтэйд тооцдог. Хүчтэй салхины 50 гаруй хувь нь III- V сард, ойролцоогоор 60% нь III – VI сард тохиолдоно. Хүчтэй салхины 20% гаруй нь 12-15 цагийн хооронд , 10% орчим нь 18 – 21 цагт, харин 3 – 6 цагийн үед дөнгөж 5% орчим нь ажиглагддаг. Хүчтэй салхины үргэлжлэх хугацаа ихэнх нутагт 1-6 цаг байдаг.
Хүчтэй салхитай холбоотойгоор цасан шуурганы давтагдал ихэсдэг, мөн үзэгдэх орчин хязгаарлагдан алсын барааны харагдац муутгадаг ба нийт тохиолдлын 65% нь 2 км-ээс дотогш ортол, 50-иад хувь нь 1км-ээс, гуравны нэг орчим хувь нь 0.5 км-ээс дотогш байна. Цас орж цасан шуурга шуурах /орон шуурга/ нь ихэвчлэн III- V сард тохиолдох ба говь тал нутгаар III сард, уулархаг нутаг болон Их нууруудын хотгорт IV сард хамгийн олон тохиолдоно. Орон шуургатай өдрийн газарзүйн тархцыг авч үзвэл Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дундговийн нутгаар жилд 5 хоногоос их байдаг бол зүүн аймгуудын нутгаар 6 хоногоос их, Алтай орчим 9 хоногоос их байдаг. Орон шуурганы тасралтгүй үргэлжлэх хугацааны 30-40% нь 1.1 – 3.0 цагийн хооронд оногдох бөгөөд 30 минутаас богино юмуу 12 цагаас удаан үргэлжилсэн орон шуурга цөөн тохиолдоно.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар жилд 5 өдрөөс цөөн, Их нууруудын хотгорт 10-17, говийн бүсэд 20-37 өдөр, өдөр байдаг. Шороон шуурганы давтагдлын 60% орчим нь энэ улиралд ажиглагдана. Хангайн бүс нутаг, Их нууруудын хотгорт шороон шуурганы 60-80% нь 3 цагаас богино хугацаагаар үргэлжилдэг бол тал хээр, говийн бүсэд 12 цагаас давах тохиолдол цөөнгүй байдаг.
ӨФБ манай орны нутаг дэвсгэр дээгүүр дамнан байрладгаас тропосферын дунд болон дээд хэсэгт дэлхийн гадаргаас 5-10 км-ийн өндөрт судал урсгал ажиглагддаг ба салхины хурд бусад улиралтай харьцуулахад огцом ихэсдэг, судал урсгал замналаа маш хурдан өөрчлөх зэргээс бүх түвшинд салхины хурд болон чиглэлийн өөрчлөлт болж салхины шилжлэг ажиглагддаг. Салхины шилжлэг ажиглагдаж буй бүсд агаарын хөлөг нислэг үйлдэхэд сэгсрэлтэд ордог.
Шар усны үер нь хаврын улиралд дулаарч агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хуримтлагдсан цас хайлахад уулархаг нутгаар голчлон тохиолдоно. Шар усны үер нь Монгол Алтайн нурууны голуудад IV сарын
дундуур, харин ус хурах талбай нь нэлээд өндөрт орших голын хаврын шар усны үер арай хожуу IV сарын сүүлч, V сарын дундуур эхэлнэ. Мөн дулаарснаас гол мөрөн, нуурын мөсний зузаан нимгэрэн нягт нь багасан хэврэгшдэг тул дээгүүр нь тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байх, мөсөнд цөмрөх, авто машинтайгаа живэх, осолдох тохиолдол гарч болзошгүйг анхаарна уу.
Хаврын улиралд хуурайшилт, салхи шуурга ихсэхтэй холбоотойгоор ой хээрийн түймэр гарах тохиолдол ихэсдэг. Нийт түймрийн 90 гаруй хувь нь хүний анхаарал болгоомжгүй байдлаас үүсэлтэй хэдий ч гарсан түймрийг илүү их аюултай болгодог нь цаг агаарын нөхцөл байдаг. Тал хээрийн өвс ургамлын хуурайшилт болон хурдтай салхины нөлөөлөл байдаг ба хээрийн түймэр нь ургамал, амьтан төдийгүй хүн ам эдийн засагт ихээхэн хүнд хохирол учруулдаг аюултай байгалийн үзэгдэл юм.
Иймд шилжилтийн улирал эхэлж байгаатай холбогдуулан тухай бүр цаг агаарын урьдчилсан мэдээтэй танилцаж үйл ажиллагаагаа цаг агаарын нөхцөл байдалд уялдуулан, мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч зохион байгуулах талаар арга хэмжээ авч ажиллана уу. Цаг агаарын урьдчилсан мэдээ, бодит байдал болон хиймэл дагуулын зургийг дараах хаягаар орж авч байна уу.
➢ http://amc.namem.gov.mn/
➢ http://tsag-agaar.gov.mn/
➢ http://icc.mn/
Нислэгийн Цаг Уурын Төв
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2020.03.12