Монголын Ахмадын холбооноос ИНЕГ-ын Ахмадын хороог аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх “Улсын тэргүүний ахмадын хороо”-гоор шалгаруулж, Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
“Ахмад настны тухай хууль”-ийг амжилттай хэрэгжүүлэн, Ахмадын хорооныхоо байрыг тохижуулан сайжруулж, ахмадынхаа эрх ашгийг хамгаалах, тэдэнд боломжит халамж, хөнгөлөлт, үйлчилгээг цаг тухайд нь хүргэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний ахуй амьдрал, нийгмийн байдлын талаар нарийвчилсан судалгаа гарган тулгамдсан асуудал, санал, хүсэлтийг нь шийдвэрлүүлэх зэргээр ахмад настнуудын төлөө идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгааг нь үнэлэн ийнхүү шилдгээр шалгаруулсан байна.
ИНЕГ-аас ахмадуудынхаа эрүүл мэндийг дэмжих, цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үүднээс хуучин Цахилгааны албанд ашиглаж байсан байрыг Ахмадын өргөө болгон тохижуулан шинэчилж, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, даралт, жин үзэх зэрэг эрүүл мэндийн тоног төхөөрөмж болон ном, сонин, сэтгүүлээр хангаж, нийтийн бүжиг, уулзалтуудыг зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн жил гэхэд л Ахмадын өргөөнд зохион байгуулсан үйл ажиллагаанд давхардсан тоогоор 800 гаруй ахмад хамрагджээ.