Үндэслэл.
Дэлхийн улс орнуудад коронавирусийн халдвар (КОВИД-19) дэгдэлт хэлбэрээр гарч, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дэлхийн 168 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 215,363 хүн өвчилж, 8,880 хүн нас бараад байна. БНХАУ, БНСУ, Япон, Иран, Итали, Франц, Герман улсад халдвар өндөр хэвээр байна. Италиас 38, Иранаас 12 улсад коронавируст халдвар зөөвөрлөгдсөн. Халдвар өндөр настан, архаг хууч өвчтэй ялангуяа зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихэсдэг хүмүүс хүндрэх тохиолдол их байна. ДЭМБ-аас уг халдварын нас баралтын хувийг 3.4 хувь гэж мэдээлж байна.
ДЭМБ-ын Ерөнхий захирал А.Г.Тедрос “Дэлхийн бөмбөрцгийн нэг ч улс орон коронавирусийн халдвар манайд гарахгүй гэж бодож болохгүй. Хэрэв ингэж хандвал ноцтой алдаа болно.” гэжээ,
Манай улсад коронавируст халдварын 6 тохиолдол бүртгэгдлээ. Гэвч 01 дүгээр сарын 09-нөөс 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 2875 хүнийг ажиглалтад авч, 309 сэжигтэй хүнийг тусгаарлан, лабораторийн шинжилгээгээр оношийг баталгаажуулж, үгүйсгэж байна.
Иймд Монгол Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа олон хариу арга хэмжээний нэг нь иргэд олноор цугларахгүй байх хязгаарлалт юм. Энэ нь коронавируст халдварт өртөх эрсдэлийг бууруулна.
Зорилго. Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх
Зөвлөмж.
- Хурал, уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх,
- Хурал, уулзалтыг цахимаар зохион байгуулах,
- Хурал, уулзалтын үеэр өрөөний салхивчийг нээж, цэвэр агаар оруулах,
- Хурал уулзалтын дараа хатуу гадаргууг сайтар цэвэрлэх,
- Хурал, уулзалтын бичиг баримттай цахим хэлбэрээр танилцах,
- Хурал уулзалтын өрөө, танхимд спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах,
- Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх,
- Томилолт, айлчлалын баг болон хамгаалалтад цөөн хүн явах,
- Тухайн улс, хотын өвчлөлийн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээлэлтэй танилцсан байх,
- Өвчлөл бүртгэгдээгүй улс, хот, маршрутыг сонгох,
- Гар барих, хүний биед хүрэхээс зайлсхийх, аль болох 1.5-2 метрийн зайнаас харьцах,
- Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх,
- Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах,
- Гараа савандаж сайтар угаах, гар халдваргүйжүүлэгч байнга авч явах,
- Эмнэлэг, олон нийтийн болон үзвэр үйлчилгээ 1 газраар үйлчлүүлэхгүй байх,
- Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх,
- Өвчлөл гарсан бүс нутагт томилолтоор явуулахгүй байх,
- Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах,
- Хоолны газарт олноороо орохгүй. Цөөн тоогоор ээлжлэн үйлчлүүлэх,
- Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах,
- Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх,
- Боломжтой бол цахилгаан шат ашиглахгүй байх,
- Гараа сайтар савандаж угаах,
- Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх,
- Амны хаалт зүүх,
- Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх,
- Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах,
- Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг 4-өөс доошгүй удаа хийх,
- Шүлсээ хаяхгүй байх.
Эрүүл Мэндийн Яам
–000–