Шинэ төрлийн “COVID-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхийн ихэнх улс орнууд албан болон албан бус томилолтыг хязгаарлаж, олноороо нэг дор цуглахгүй байх, зайнаас ажиллах, зайнаас суралцах зэрэг цахим үйл ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Ийнхүү олон улсад цахим үйл ажиллагаа эрчимжиж байгаатай хөл нийлүүлэн ИНҮТ-ийн Нисэхийн сургалтын төвөөс ч зайн сургалтуудыг идэвхтэй зохион байгуулан ажиллаж байна.
Тухайлбал, энэ сарын 13-ны өдрийн байдлаар дараах сургалтуудыг “ZOOM cloud meetings” програмыг ашиглан амжилттай явуулж байгаа юм.
Үүнд:
1. “Аэродромын нислэгийн удирдлагын ажлын байрны дадлагын өмнөх 160 цагийн сургалт, дадлага”-д 4 ажилтан;
2. “Иргэний нисэхийн үйл ажиллагаатай танилцах сургалт” гурван ээлжээр, төв, орон нутгийн салбар нэгжийн 30 ажилтан;
3. “Гэрээсээ ч хөгжье зайн сургалт”-д 41 ажилтан;
4. “Бүсийн ажиглалтын удирдлагын зэрэглэл горилогчийн ажлын байрны дадлагын өмнөх сургалт”-д 4 ажилтан;
5. “Хэрэглэлээр буулт үйлдэх Thales DME415/435 RPM зай хэмжих төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний давтан сургалт”, “APM-150-MA загварын чиглүүлэх радио нэвтрүүлэг, MPM-97 загварын маркерын радио дохиологчийн ашиглалт, засвар үйлчилгээний давтан сургалт”, “VRB-52D маркийн DVOR, LDB 102 маркийн DME радио дохиологчийн ашиглалт, засвар үйлчилгээний давтан сургалт”-д тус тус 15 ажилтан хамрагдаж байна.
НСТ нь цаашид хойшлуулашгүй, чухал шаардлагатай сургалтуудыг зайн хэлбэрээр зохион байгуулах, сургалтын чанарыг улам сайжруулах зэрэг үйл ажиллагаанд анхаарч ажиллах юм.