Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа “Иргэний нисэхийн үндэсний төв”-ийн удирдлагууд өнөөдөр орон нутаг дахь нисэх буудлуудын дарга нартай онлайн хурал хийж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцон, үүрэг чиглэл өглөө.
ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал юун түрүүнд шинэ бүтцээр байгуулагдсан аж ахуйн тооцоот төвийн эхний улирлын ажлын тайланг хэлэлцэж цаашид хийх ажлын төлөвлөлтийг шинэчилхээр зорьж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр салбартаа шинэ хүн биш ч олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлага, холбогдох дүрэм, журамд үйл ажиллагааг нийцүүлэх, Засгийн газар болоод удирдах байгууллагын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагаа ашигтай байх, шинэ бизнес төлөвлөгөөтэй ажиллах цаг болсон гэж үзэж байгаагаа мөн хэллээ. Тиймээс орон нутгийн нисэх буудлуудын удирдлагуудыг 2020 оны эхний улирлын ажлын тайлангаа даруй ирүүлэх, буудлын ашигт байдал, зардлын нарийвчилсан тооцоог гаргаж танилцуулах, цар тахалтай холбоотой ажлын мэдээ, мэдээллийг тогтмол өгч байхыг үүрэг болгов.
Засгийн газар болоод ИНЕГ-аас Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх бодлого баримталж байгаатай уялдуулан орон нутгийн нисэх буудлуудад шинэ бизнес төлөвлөгөө хэрэгжүүлэх, удирдлагууд нь орон нутгийн засаг захиргаатай болон авиа компаниудтай хэрхэн харилцаа холбоотой хамтран ажиллах, яаж ашигтай менежмент хийж болох гэсэн санал ирүүлхийг хүсч, цаашдын ажлын гүйцэтгэлд нь дээр дурдсан шаардлагуудыг тавьж ажиллах болно гэдгээ П.Мөнхжаргал дарга хэлж байв.
Жил бүрийн 2, 4 дүгээр улиралд орон нутгийн нисэх буудлуудад “Навигацийн үзлэг” шалгалт хийгддэг. Энэ ажил хэвээр хадгалагдах бөгөөд шалгалтын гол зорилго нь нисэх буудлын ашигт байдал, бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнг тодорхойлход чиглэгдэх юм байна.
ИНҮТ-ийн дэд дарга Ё.Эрдэнэбат Иргэний нисэхийн хууль, дүрмийн хэрэгжилтийн байдал, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаж байгаа эсэх, ИНЕГ-ын даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан даруй шийдвэрлүүлэх тулгамдсан асуудал байгаа эсхийг лавлаж мөн нэгдсэн мэдээлэл танилцуулахыг хүслээ.
Харин Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дарга Д.Мягмарсүрэн орон нутгийн нисэх буудлуудыг 2020-2024 он хүртэл хөгжүүлэх томоохон төслийн төсөл боловсруулж эхэлснээ дуулгалаа. Тухайлбал, Ховд, Баянхонгор, Увс зэрэг аймаг дахь нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх зорилтын хүрээнд орон нутгийн нисэх буудлуудыг ашиглалтыг сайжруулах зэрэг ажлууд хийхээр төлөвлөж байгааг хэлсэн.
Цахим хуралд орон нутаг дахь нийт 19 нисэх буудлын удирлагууд оролцлоо.