2020 оны 4 дүгээр сарын 23
– БНСУ-ын агаарын тээврийн Ашиана Эйрлайнз компани төрийн 2 банкнаас нэмэлт зээл авсан байна. БНСУ-ын Хөгжлийн банк, Експорт-Импортын банкнаас Ашиана Эйрлайнз компанид 1,7 их наяд вон буюу 1,4 тэрбум ам.долларын зээл авсан байна. Тухайн банкууд өнгөрсөн жил алдагдалтай ажилласан Ашиана Эйрлайнз компанид 1,6 их наяд воны зээл олгож байжээ.
– Блүүмбергээс гаргасан мэдээллийн дагуу South African Airways компани 4 дүгээр сарын сүүлээр өөрийн 5000 гаруй ажилчдаа чөлөөлөх болсон тухай мэдэгдсэн бөгөөд ингэснээр Өмнөд Африкийн Үндэсний агаарын тээвэрлэгч статусыг тухайн компаниас авч магадгүй юм байна.
86 жил үйл ажиллагаа явуулж буй South African Airways компани Засгийн газраас үзүүлдэг олон тооны дэмжлэг, туслалцааны хүрээнд бүс нутгийн болон олон улсын нислэг үйлдэж байсан бөгөөд 2011 оноос хойш алдагдалтай ажиллаж байгаа тухайн компанид Засгийн газраас дахин дэмжлэг үзүүлэхээ татгалзсан байна.
– “Дельта Эйрлайнс” агаарын тээвэрлэгч компанийн урьдчилсан мэдээгээр коронавириусын тахал сунжирч байгаатай холбогдуулан өдөр тутмын бэлэн мөнгөний орлого 50%, зорчигчдын эрэлт коронавирусын тахал дэгдэхээс өмнө 5% буурах төлөвлөгөөтэй байна гэж мэдэгдэв.
Атланта мужид төвтэй Дельта компани нь Airbus компаниас шинэ агаарын хөлөг авах төлөвлөгөө байхгүй тухайгаа мөн мэдэгдсэн.
Delta компани нь 2020 оны эхний улирлын байдлаар 534 сая долларын алдагдал хүлээсэн нь жилийн өмнөх үетэй харьцуулбал 730 сая доллараар буурсан байна.
2020 оны 3 дугаар сарын сүүлээр АНУ-ын Конгрессоор баталсан засгийн газрын “CARES” тусламжийн хөтөлбөрт Delta компани хамрагдсан байна. Тус компани нь уг хөтөлбөрт хамрагдсанаар АНУ-ын засгийн газарт 6.5 сая ширхэг хувьцаа буюу нийт Delta компанийн хувьцааны 1% -ийг 24.39 ам.доллар-аар бодож олгохоор байна.
ЕВРОПЫН ХОЛБОО АГААРЫН ТЭЭВРИЙГ СЭРГЭЭХ УДИРДАМЖИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
Агаарын тээврийг оролцуулан хил хоорондын үйл ажиллагааг дахин эхлүүлэх стратегитэй холбоотой зөвлөмжүүдийг 5 дугаар сарын дунд үеэр батална гэж Европын Тээврийн Комиссар Адин Валин мэдэгдсэн боловч уг хугацаа эрүүл мэндийн нөхцөл байдлаас хамаарна гэдгийг тодотгосон байна.
Тэрээр 4 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэл хийх үеэр, нислэгүүдийг эргэн сэргээх тодорхой арга хэмжээний талаар эцсийн мэдээлэл өгөхөөс татгалзсан боловч энэ улиралд багтаан нисэх буудлууд болон агаарын хөлгийн бүхээгт хамгаалах хэрэгсэл өмсөх, иргэд хоорондын зайчлалын дүрмийг мөрдөх зэрэг ариутгалын арга хэмжээг авсны үндсэн дээр зорчих хөдөлгөөн, аялал жуулчлалыг сэргээх удирдамжуудыг батлах болохыг тодотгосон байна.
“Энэхүү эрүүл мэндийн хямрал вакцин эсхүл сайн чанарын эмчилгээ бий болтол урт хугацаанд үргэлжлэнэ. Иргэд хооронд зай барих зэрэг авч байгаа арга хэмжээнүүд үр дүнтэй болох нь батлагдсан. Тээврийн салбарын хувьд энэ арга хэмжээ нь маш чухал” гэж мэдэгдэв.
Европын Комисс хямралаас гарах стратегийн хэрэгцээ шаардлагад холбогдуулан хорио цээрийн арга хэмжээг цуцлах хамтарсан төлөвлөгөөг хэдийнээ боловсруулаад байна. “Төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацаа болон арга зам гишүүн орнуудын хувьд ялгаатай байж магадгүй боловч нэгдсэн тогтолцоотой байх нь хамгийн чухал. Хорио цээрийг цуцлах арга хэмжээнд хамтарсан зохицуулалт дутагдвал энэ нь нийт гишүүн орнуудад сөрөг үр дагавартай бөгөөд улс төрийн ан цав үүсгэх эрсдэлтэй. Хамтарсан зохицуулалт, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт, бие даасан байдал болон бусдыг хүндэтгэх явдал нь Европын Холбооны улсуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээний үндсэн 3 зарчим юм” гэж Европын Комиссоос мэдэгдэв.