ХНХ-ын сайдын тушаалаар баталсан “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах журмын дагуу орон даяар зарласан уралдаанд “Чингис хаан” ОУНБ тэргүүн байр эзэллээ.
Уул уурхай, олборлолт, барилга, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүч, зам тээвэр, төрийн болон үйлчилгээний/боловсрол, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээ, батлан хамгаалах, төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг салбар зэрэг/ чиглэлээр шалгаруулсан уралдаан эхний шатанд ЗТХЯ-ны харьяа газруудаас 5-н байгууллагыг шалгаруулж, Мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллагад хүргүүлсэн байна. Тус байгууллага нь ХНХЯ, НДЕГ, МХЕГ болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хамтарсан ажлын хэсэг байгуулан сонгон шалгаруулалт хийж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороогоор хэлэлцүүлжээ. Ажлын хэсэг эхний 3 байранд орсон байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсаны үндсэн дээр эцсийн сонгон шалгаруулалтыг хийхэд Зам тээврийн салбараас “Чингис хаан” олон улсын нисэх буудал шалгарч, “Тэргүүн байр” эзэлсэн байна.
Энэхүү шалгаруулалт нь үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих зорилготой ажээ.