Иргэний нисэхийн үндэсний төв/ИНҮТ/-ийн газрууд, харьяа албадууд 2020 оны эхний хагас жилийн тайлангаа хэлэлцэж харилцан туршлага, мэдээлэл солилцсон, цаашид ажлаа хэрхэн сайжруулах талаар саналаа нэгтгэхэд өндөр ач холбогдолтой болж өндөрлөлөө.
Газар, албадууд өмнө нь зөвхөн удирдлагад ажлаа тайлагнадаг уламжлалтай байсан бол энэ удаад нэгдсэн хэлэлцүүлэг маягаар тайлангаа танилцуулж, бусад алба, нэгжүүдэд мэдээлэл өгөх, санал, шүүмжийг сонсох, хамтын ажлын уялдаа холбоог хэрхэн сайжруулах талаар туршлага, мэдээлэл солилцож чадсанаараа онцлог бөгөөд шинэлэг байв.
Түүнчлэн газар, албадын удирдлагууд сугалаагаар “Шинэлэг санаа”, “Хөгжлийн шийдэл”, “Эв нэгдэл”, “Бүтээлч сэтгэлгээ”, “Эрч хүч” гэсэн багуудад санамсаргүй байдлаар хуваагдан, ажлаа хэрхэн сайжруулах талаар санал дэвшүүлснээрээ тайлангийн хурлын ач холбогдол оршиж байв.
ИНҮТ-ийн Агаарын навигацийн үйлчилгээний газарт харьяалагддаг Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба, Холбоо, навигаци, ажиглалтын алба,Нислэгийн журам боловсруулалтын алба, Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба, Мэдээллийн технологи, инновацийн алба, Оношилгоо хэмжил зүйн лаборатари нь хагас жилийн хугацаанд төлөвлөгдсөн ажлуудаа хийж чаджээ. Гэхдээ “Корона” вирусийн цар тахалтай холбоотойгоор зарим ажлын гүйцэтгэл сунжрах, хойшлох, цуцлагдах асуудлууд гарч байгааг дурдаж байсан.
Өнгөрсөн 6 сарын хугацаанд хийгдсэн онцлох ажлуудаас нь дурдвал
- Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын А/44 тоот тушаалаар төлөвлөгөөний дагуу Сайншанд өнгөрөлтийн цэг, Өндөрхаан, Дорнод, Арвайхээр, Алтай, Ховд болон Увс нисэх буудлуудын холимог тэжээлийн системийн найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор Transfer switch болон 3kW online UPS шинээр суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.
- МУ-ын агаарын замын өгөгдлийн каталогийг бүрдүүлсэн.
- PBN ба уламжлалт агаарын замуудыг нэгтгэх судалгаа хийсэн
- “Дэглий цагаан”, “Кызыл”-ийг холбосон шинэ агаарын зам нээсэн
- Орон нутгийн нийт 15 нисэх буудлуудын шилэн кабелийн дамжуулах байгууламжийн зураг төслийн ажлын техникийн даалгаварыг бүрэн боловсруулж дууссан.
- Завхан аймгийн Доной нисэх буудлын аэродромын гэрэлт суултын систем, ойртолтын налуу заагч PAPI системийн байрлал тодорхойлох хэмжилт хийсэн.
- Нисэхийн аюулгүй ажиллагааны “eүнэмлэх” системийн ажил хийгдэж байна.
ИНҮТ-ийн Нисэх буудлуудын үйлчилгээний газарт Аюулгүй байдал хамгаалалтын алба, Ерөнхий зориулалтын нисэхийн алба, Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал, орон нутгийн нисэх буудлууд харьяалагддаг.
НБҮГ-ын хагас жилийн хугацаанд хийсэн гол ажлаас дурдвал:
- Агаарын хөлгийн шатахууны чанар, үйл ажиллагааны JIG-2 стандартын албан ёсны орчуулгыг хийлгэж, НААХЗА-аар хянуулсан.
- Газрын Тусгай Үйлчилгээний Албаны үйл ажиллагаанд ИНД-144-ийн ангиллын гэрчилгээ эзэмших эрх 2020-оны 06 дугаар сарын 03 өдөр хүлээн авсан.
- “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын хүрээнд “Хүмүүнлэгийн тусламжийн агаарын хөлөг хүлээн авах” онцгой байдлын ширээний дасгал сургуулилтыг зохион байгуулсан. Дасгал сургуулилтад 14 байгууллагын 50 ажилтан оролцсон.
- “Чингис хаан” ОУНБ-ын барилга байгууламжийн зохих хэсгийг ерөнхий зориулалтын нисэхийн төв болгон өөрчлөн зохион байгуулах нарийвчилсан тооцоо судалгааг дахин боловсруулсан зэрэг ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийжээ.
ИНҮТ-ийн Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын хувьд:
- ИНЕГ-ын харъяа алба, салбар, орон нутгийн нисэх буудлуудын үндсэн болон эргэлтийн хөрөнгийн 2019 оны жилийн эцсийн тооллогын ажлыг зохион байгуулж, үр дүнг Өмч хамгаалах байнгын зөвлөлд танилцуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн
- “Ажлын байрны стрессийн судалгаа” хийсэн
- ИНҮТ-ийн брэнд бүүкийн болон логоны загварыг гаргаж төслийг холбогдох удирдлагуудад танилцуулсан
- Төсөв хэмнэлтийн горимд шилжиж ажиллах, биелэлт хангах зэрэг ажлуудыг хийж байна.
Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны хувьд хагас жилийн байдлаар 1145 агаарын хөлөгт давхардсан тоогоор 10,5 мянган удаагийн үйлчилгээ үзүүлж, нийт 7,5 мянган мото/цаг ажиллажээ. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулбал үйлчилсэн агаарын хөлгийн тоо 50%-иар, үйлчилгээ үзүүлсэн цаг 50%-иар тус тус буурсан байна.
Тайлангийн хурлын төгсгөлд Шинэлэг санаа”, “Хөгжлийн шийдэл”, “Эв нэгдэл”, “Бүтээлч сэтгэлгээ”, “Эрч хүч” багууд цаашид ажил сайжруулах үүднээс нэн түрүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа чухал 3 саналуудаа танилцуулж, улмаар ИНҮТ-ийн Дэд дарга Ё.Эрдэнэбатад гардуулсан юм.
Багууд байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, чадварлаг, мэргэшсэн боловсон хүчинтэй болох гэсэн саналуудыг ихэвчлэн дурдсан байв.