Нийтлэгдсэн 2020-08-13

Б.БАЯРСАЙХАН: ХӨШИГИЙН ХӨНДИЙН ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫГ АРАВДУГААР САРЫН 1-НД НЭЭНЭ

Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын шинэ нисэх онгоцны буудлын асуудлаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд дараах ярилцлагыг өгчээ.

-Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал хэзээ бүрэн ашиглалтад оруулж, хүлээн авах төлөвтэй байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар нь Япон, Монголын хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХКК-тай “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг 2019 оны долдугаар сарын 5-ны өдөр байгуулсан. Тус гэрээний дагуу нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХКК хэрэгжүүлэхээр болж,  2019 оны есдүгээр сараас эхлэн гэрээ хүчин төгөлдөр болсон.

Гэрээнд зааснаар “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХКК нь нийт 10 сарын хугацаанд бэлтгэл ажлыг гүйцэтгэж, нээлтийг хийхээр төлөвлөж байсан боловч Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны зургадугаар сарын 19-ний өдрийн 227 дугаар тогтоолоор “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор эхлүүлэх”-ээр тогтоосон. Тиймээс дээрх тогтоолын дагуу “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХКК нь заасан хугацаанд нээлтийг хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Яг одоо ямар шатанд, хэдэн хувьтай явж байгаа вэ?

-Нээлтийн бэлтгэл ажил, нисэх онгоцны шинэ буудал руу үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлын явц “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн хувьд ойролцоогоор 60 хувьтай явж байна. Нисэх буудалд үйл ажиллагаа явуулах Төрийн чиг үүрэг бүхий байгууллагууд, агаарын тээвэрлэгчид, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа байгууллагууд зэрэг нийт 21 байгууллагууд бүгд хамтран чиг үүргийн дагуу ажлуудыг гүйцэтгэж байна.

-Яагаад товлосон хугацаандаа хүлээлгэн өгөхгүй байгаа вэ?

-“Коронавирус нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс цар тахал хэмээн тодорхойлогдож, гадаад орнуудын үйлдвэрүүд зогсонги байдалд орох, бүтээгдэхүүний тоо хэмжээнд хязгаарлалт хийх зэрэг хил гаалийн нэвтрэлтийн үе дэх хорио цээрийн арга хэмжээний улмаас импортоор оруулж ирсэн бараа материалын нийлүүлэлтэд хоцрогдол, засвар болон барилгын ажилд нөлөө үзүүлж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн арга хэмжээг хэрэгжүүлснээр олон улсын нислэгийг зогсоосонтой холбогдуулан зайлшгүй ирж ажиллах ёстой гадаадын мэргэжилтнүүд хил нэвтрэхэд хязгаарлалттай, хил нэвтэрсний дараах нийт 5 долоо хоногийн тусгаарлалт нь нисэх буудлын нээлтийн бэлтгэл ажилд нөлөө үзүүлж байна. Түүнчлэн үндсэн орлогын ихэнх хэсгийг бүрдүүлэх гадаадын нислэг хязгаарлалтад байгаа тохиолдолд нисэх буудлыг нээх нь концессын үндсэн нөхцөл хэрэгжихэд хэцүү болно.

-Шинэ нисэх буудалд өдөрт хэчнээн нислэг үйлдэж, хэдэн хүн хүлээн авах хүчин чадалтай вэ?

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал нь өдөрт олон улс болон орон нутгийн нислэгийн 139 агаарын хөлөг, нийт 11,980 зорчигч хүлээн авах чадалтай.

-Нэгэн зэрэг хэдэн онгоц буух боломжтой вэ?

-Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал нь цемент бетон хучилт бүхий 3600м x 45м хэмжээтэй хоёр талын оролттой хөөрч, буух зурвастай. Агаарын хөлгийн 19 зогсоол, агаарын хөлөгт холбогдох 6 хүзүүвчтэй. Оргил ачаалалтай үед цагт 17 агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай.

-Хэдэн мянган ажлын байрыг бий болгох боломжтой вэ?

-Нисэх буудалд үйл ажиллагаа явуулах төрийн чиг үүрэг бүхий байгууллагууд, агаарын тээвэрлэгчид, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа байгууллагууд зэрэг нийт 21 байгууллагуудын ажилтнууд нийтдээ 2,500 орчим хүн ажиллана гэсэн тооцоог нүүлгэн шилжүүлэлт хариуцсан ажлын хэсэг хийсэн байна.

-Нисэх буудлын цахилгааныг хаанаас хангах вэ. Бие даасан дулааны станцтай гэсэн энэ талаар мэдээлэл өгнө үү?

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал нь эрчим хүчний хоёр талын эх үүсвэрээс буюу Сонгино дэд станц, Налайх дэд станцаас эрчим хүч нийлүүлж байхаар төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар Налайх дэд станцын 110кВ-ын шугамаас эрчим хүч хангаж байгаа бөгөөд Сонгино дэд станцын шугамын ажил бүрэн дууссан, зөвхөн дэд станц дээрх холболтын ажил хүлээгдэж байгаа болно. Нээлтийн үед заавал холбогдсон байх шаардлагатай байгаа. Мөн тус бүр нь 14квт-ын 3 тогоотой, нийт 42 квт хүчин чадалтай бие даасан дулааны эх үүсвэртэй.

Шинэ нисэх онгоцны буудлыг дагасан хот байгуулахаар болсон шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох шинэ хот /Аэросити/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны 29 дүгээр тогтоолоор батлагдсан.

Шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэрэгжсэнээр Улаанбаатар хотын хүн амын нягтралыг задлах, дагуул хаяа хот тосгодыг хөгжүүлэх, шинээр ажлын байр нэмэгдүүлэх, шинэ техник технологийг нутагшуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.  “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт олон улсын шинэ нисэх буудал нь 1695.0 га нутаг дэвсгэрийг хамарч, үүнийг түшиглэн хөгжих шинэ хотыг 51.5 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн бөгөөд нийслэлтэй хурдны авто замаар холбохоор тусгасан байна.

Шинээр байгуулагдах хотод 9479 айл өрх оршин суухаар төлөвлөж байгаа бөгөөд худалдаа, үйлчилгээ хосолсон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах, өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийг бий болгоно.

Мөн төлөвлөлтийн хугацаанд 960 хүүхдийн 7 сургууль, 280 хүүхдийн 12 цэцэрлэг, 670 хүүхдийн 1 МСҮТ, 330 ортой нэгдсэн эмнэлэг шаардлагатай байх тооцоо гарсан байна. Шинэ хотын бүтээн байгуулалтын үйл явцыг 4 үе шатанд хуваан үзэж, 20 жилд багтаан хэрэгжүүлэх боломжтой гэж тооцсон.

-Ярилцсанд баярлалаа.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper