Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор эхлүүлэх арга хэмжээ авах тухай Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 227 дугаар тогтоолын биелэлтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд ИНЕГ, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн хамтарсан ээлжит 26 дугаар уулзалт, хурал ИНЕГ-т боллоо. Тус хурлаар шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхэд НУБИЭ ХХК-ийн зүгээс авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлттэй танилцаж тулгамдсан, болон даруй шийдвэрлэх шаардлагатай дараах асуудлыг хэлэлцэн санал солилцож, холбогдох чиглэлийг өгч ажиллаа.
Үүнд:
- Нүүлгэн шилжүүлэлтийн нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж нүүлгэн шилжүүлэлтийн ажлын хэсгийг хуралдуулах.
- Шинэ нисэх онгоцны буудлыг нүүлгэн шилжүүлэх дотоод бэлтгэл ажлыг хангах ОRАТ туршилт хийхэд гадаадын агаарын тээвэрлэгчдийг оролцуулан холбогдох мэдээллээр тогтмол ханган ажлын уялдаа холбоогоо сайжруулах ажиллах.
- Шинэ нисэх буудлын Зорчигч терминал, Карго барилга дахь X-Ray-ийн төхөөрөмжийг ашиглах зөвшөөрлийг НУБИЭ ХХК-д олгох.
- Аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх болон Агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх гэрээнүүдийг эцэслэн байгуулах ажлыг эрчимжүүлэх.
- ИНЕГ, НУБИЭ ХХК хамтран нисэх буудлын үнэмлэх олгох журмыг боловсруулах.
Түүнчлэн Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр “Covid 19” цар тахалтай холбоотойгоор Олон улсын агаарын тээврийн салбарт үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг албаны хүмүүст өглөө.