Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан болон эдийн засгийн зохицуулалтын эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулах зорилгоор агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтын дүрмүүдийн төслийг шинэчлэн боловсруулж, ИНЕГ-ын цахим хуудсанд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс нээлттэй санал авч, эдгээр дүрмүүдийн хэлэлцүүлгийг хуваарь гарган зохион байгуулж эхлээд байна.
ИНЕГ-аас агаарын тээвэрлэгчид, иргэний нисэхийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг оролцуулан “Иргэний нисэхийн төлбөртэй үйлчилгээний төрөл, тариф, хураамжид хяналт тавих дүрэм”, “Статистикийн мэдээлэл дүрэм”- ийн төслийг 09 дүгээр сарын 03-ны өдөр хэлэлцүүллээ.
Зам, тээврийн сайдын 2015 оны 320 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний нисэхийн төлбөртэй үйлчилгээний төрөл, хураамжийн хэмжээг тогтоох” дүрмийг Иргэний нисэхийн тухай хуульд нийцүүлэн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 186 дугаар тушаалын хавсралтаар “Иргэний нисэхийн төлбөртэй үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээ, үйлчилгээний орлогыг зарцуулах журам” болгон батлуулж, ХЗДХЯ-ны нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, өнөөг хүртэл мөрдүүлж байгаа юм. Одоо энэхүү журмыг дүрэм хэлбэрт оруулан өөрчилж, өнөөгийн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхой өөрчлөлтүүдийг оруулж, хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэсэгт эдүгээ дэлхий дахинаа тулгараад буй цар тахал зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас санхүүгийн хүндрэлтэй байдал үүссэн үед хэрхэн зохицуулах талаар тодорхой тусгах, давагдашгүй хүчин зүйлийн улмаас санхүүгийн хүндрэлд орсон агаарын тээвэрлэгч, аж ахуйн нэгжүүдэд хэрхэн хөнгөлөлт, чөлөөлөлт, зохицуулалт хийх талаар харилцан санал солилцон, хэлэлцүүлэг хийлээ.