Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргал, Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын Дэд дарга Б.Пүрэвсүрэн нар иргэний нисэхийн салбарын харьяа алба, нэгжүүдийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Ажилчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын хувьд Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон хоёр асуудлаар ажил олгогчидтой уулзаж санал солилцсон.
Юун түрүүнд Монгол, Японы Засгийн газар хооронд байгуулсан концессийн гэрээний дагуу “Нью Улаанбаатар интернэшнл эйрпорт”ХХК-д “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны 500 гаруй ажилтныг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан ажилчдын эрх ашгийг нь хөндөхгүй байх, хамгаалах асуудалд анхаарч ажиллахыг хүслээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын төвөөс зайтай ажлын байранд ирж, очиж ажилладаг нисэхийн салбарын нийт ажилтнуудад авто замын түгжирэл хүндрэл учруулж байгаатай холбогдуулан хуулийн хүрээнд ажлын цагийн горимд өөрчлөлт оруулах боломжийн талаар санал солилцов. Энэ асуудалд ойрын хугацаанд ҮЭ-ийн зүгээс ажилчдад ээлтэй, хуулийн дагуу нээлттэй санал дэвшүүлэхэд ажил олгогчдын зүгээс дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.