2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр болсон Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлалаа. “Хариуцлагын жил”-ийн хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг хугацаанд нь зохион байгуулахыг сайд, аймаг, нийслэлийн Засаг даргад даалгав. “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын Албан даалгаврыг төрийн байгууллагын бүх шатанд бүрэн хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.
Төрийн байгууллагууд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн хариуг нэг цэгээс шуурхай өгч, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлж байхыг үүрэг болгожээ. Төрийн албан хаагчдын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, хангалтгүй дүн авсан бол хариуцлага тооцох юм.
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж бүр компанийн засаглалыг хэрэгжүүлэн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэ шатанд гаргах юм. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах үнэлгээний хороо байгуулан төсөл, арга хэмжээг төсвийн жилд багтаан хэрэгжүүлнэ.
“Хариуцлагын жил”-ийн хүрээнд иргэн бүр хууль тогтоомжийг мөрдөж, хувь хүний эрх, үүргийг нийтийн эрх ашиг, үндэсний язгуур ашиг сонирхолтой зөв хослуулан байгаль орчноо хамгаалах болон эрхэлсэн ажил, оршин суугаа баг, хорооныхоо хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтод хувь нэмэр оруулахыг уриалсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.