НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү журмыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний нисэхийн тухай хууль, бусад холбогдох хууль, тогтоомж болон бодлогын баримт бичгийг удирдлага болгож, хууль дээдлэх, шударга ёс, ил тод байх, адил тэгш хандах зарчмыг баримтална.
1.2. Орон нутгийн хуваарьт нислэгээр зорчих зорилтот бүлгийн иргэдэд олгох тийзийн үнийн хөнгөлөлт болон үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг тодорхойлон, түүнтэй холбоотой дотоодын агаарын тээвэрлэгчид олгох нөхөн олговрын хэмжээг тогтоох тогтолцоо бүрдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.3. Журамд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
1.3.1. “Ахмад настан” гэснийг Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тодорхойлсон этгээдийг;
1.3.2. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэснийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.9-т тодорхойлсон этгээдийг;
1.3.3. “Эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэн” гэснийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 4.1.4-т заасан үйлчилгээг яаралтай авах шаардлагатай иргэн.
1.3.4. “Зорилтот бүлгийн иргэд”-д журмын 1.3.1–1.3.3-т заасан иргэд болон 12-18 насны хүүхдийг хамааруулж ойлгоно.
ХОЁР. ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НӨХЦӨЛ
2.1. Дотоодын агаарын тээвэрлэгчид нь зорилтот бүлгийн иргэдэд орон нутгийн хуваарьт нислэг гүйцэтгэж буй нислэгийн чиглэлийн давтамж, суудал нийлүүлэлт зэргээс хамаарч чиглэл бүрт 7 хоногт 25 хүртэл суудал зориулна.
2.2. Журмын 2.1-т заасныг хэрэгжүүлэхдээ журмын 1.3-т заасан үйлчлүүлэгчид дор дурдсан хувиар суудал ашиглалтыг хуваарилах бөгөөд шаардлагатай тохиолдолд тогтоосон зорилтот бүлгийн ангилалын квотыг шилжүүлж болох бөгөөд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд давуу байдал олгоно.
Д/д |
Зорилтот бүлгийн ангилал |
Зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлэх квот |
1 |
Эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэн |
30% |
2 |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн |
30% |
3 |
Ахмад настан |
20% |
4 |
12-18 насны хүүхэд |
20% |
2.3. Нислэг бүрт хамгийн түрүүнд бичүүлсэн зорилтот бүлгийн иргэдэд тухайн чиглэлийн тийзийн үнээс 80% хүртэл хувь хэмжээгээр хөнгөлөлт үзүүлнэ.
2.4. Зорилтот бүлгийн иргэдээс бусад иргэдэд энэхүү журмын хөнгөлөлт хамаарахгүй.
2.5. Нөхөн олговортой нислэг үйлдэж буй чиглэлд энэхүү журам үйлчлэхгүй.
ГУРАВ. ОРОН НУТГИЙН НИСЛЭГЭЭР ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ЗОРЧИХ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ
3.1. Зорилтот бүлгийн иргэдийн доорх бичиг баримтыг үндэслэн агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээнд хамруулна.
Д/д |
Зорилтот бүлэг |
Бичиг баримт |
Хамрагдах нөхцөл |
1 |
Эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэн | -Иргэний үнэмлэх
-Эрүүл мэндийн сайдын 2009 оны 307 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 1.7-д заасан бичиг баримт |
Тухайн иргэний оршин суух хаяг харгалзахгүй |
2 |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн | -Иргэний үнэмлэх
-Иргэний үнэмлэх, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн “37.2.1. 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс”, “37.2.2. 16 ба түүнээс дээш насны хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс”, “37.2.3. хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс” тус тус заасан комиссын шийдвэр, шийдвэрийн дагуу олгосон баримт бичиг |
Тухайн иргэний байнгын оршин суугаа чиглэлд |
3 |
Ахмад настан | -Иргэний үнэмлэх | |
4 |
12-18 насны хүүхэд | -Төрсний гэрчилгээ |
3.2. Орон нутгийн агаарын тээвэрлэгчийн тийзийг худалдан авахаас өмнө энэ журмын 3.1-т заасан бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
3.3. Орон нутгийн агаарын тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлж буй зорилтот бүлгийн иргэд нь тухайн нислэгт 3.1.т заасан бичиг баримтыг биедээ авч явна.
ДӨРӨВ. АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
4.1. Орон нутгийн агаарын тээврээр хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх агаарын тээвэрлэгч нь энэ журмын 2.1.-т заасан суудлыг зорилтот бүлгийн иргэдэд зориулна.
4.2. Энэ журмын 3.1.-т заасан бичиг баримтыг бүрдүүлсэн зорилтот бүлгийн иргэдэд энэ журмын 5.2-т заасны дагуу хөнгөлөлт үзүүлнэ.
4.3. Зорилтот бүлгийн иргэдийг орон нутгийн агаарын тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчсон иргэдийн тайлан мэдээг сараар тасалбар болгон, нотлох баримт бичгийн хамт дараа сарын 10-ны өдрийн дотор Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Цаашид ИНЕГ гэх/-д хүргүүлнэ.
4.4. Орон нутгийн агаарын тээврээр зорилтот бүлгийн иргэдийг хөнгөлөлттэй үнээр тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах талаар агаарын тээвэрлэгч нь ИНЕГ-тай Хамтран ажиллах гэрээ байгуулна.
4.5. Зорчигчийн тийзийн үнийг чиглэл тус бүрээр тухайн жилд тогтоон Хамтран ажиллах гэрээнд хавсаргана.
4.6. Энэ журмын 3.1.-т заасан бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, бусдад дамжуулсан, хууль бусаар олгосон тохиолдолд хураан авч хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.
ТАВ. ИНЕГ-ЫН ЭРХ ҮҮРЭГ
5.1. Тухайн жилд шаардлагатай санхүүжилтийг байгууллагын төсөвт тусган баталгаажуулна.
5.2. Батлагдсан төсвийн хүрээнд агаарын тээвэрлэгчдийн тээвэрлэлтийн тоон мэдээлэл, тооцоо судалгаанд үндэслэн тухайн жилд зорилтот бүлгийн иргэдэд үзүүлэх хөнгөлөлтийн хувь, хэмжээг энэ журмын 2.1 болон 2.3-т заасныг үндэслэн тогтооно.
5.3. Энэ журмын 4.3.-т заасан тайлан мэдээнд үндэслэн, тооцоо нийлж, баталгаажуулсны дагуу тухайн сарын нөхөн олговрыг дараа сарын 25-ны өдрийн дотор агаарын тээвэрлэгчдэд олгоно
5.4. Орон нутгийн агаарын тээврээр зорилтот бүлгийн иргэдийг хөнгөлөлттэй үнээр тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах талаар агаарын тээвэрлэгчидтэй Хамтран ажиллах гэрээ байгуулна.
5.5. Орон нутгийн агаарын тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчсон зорилтот бүлгийн иргэдийн талаарх тайлан мэдээг нэгтгэн иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал тутамд хүргүүлнэ.
ЗУРГАА. БУСАД
6.1. Энэ журамд зааснаас өөр нөхцөлөөр зорилтот бүлгийн иргэдийг хөнгөлөлттэй үнээр тээвэрлэх, зорилтот бүлгийн иргэдээс бусад зорчигчдыг энэ журмын дагуу хөнгөлөлт олгон тээвэрлэхийг хориглоно.
6.2. Энэ журмын 6.1.-т заасныг зөрчсөн тохиолдолд энэхүү журамд заасны дагуу нөхөн олговрыг олгохгүй.
6.3. Журмын хэрэгжих хугацаанд өөрчлөлт оруулах, шинэчлэх, цуцлах талаар Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, агаарын тээвэрлэгчдийн саналыг авна.
-о0о-
Санал хүлээн авах цахим хаяг: Т.Энхжаргал(Enkhjargal.t@mcaa.gov.mn);
Холбоо барих утас: 7128-2149;