ИНЕГ-ын даргын баталсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөний дагуу Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газар/ХЭЗДБГ/-аас ээлжит сургалтыг өнөөдөр “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд зохион байгууллаа.
Энэ удаа Дотоод хэргийн их сургуулийн багш, цагдаагийн хурандаа Б.Батбаясгалан, Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Золбоо нар “Хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, анхаарах асуудал”, “Гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” сэдвээр Монгол Улсын агаарын хил дээр ажиллаж буй иргэний нисэхийн салбарын ажилтнуудад мэдээлэл өглөө.
ХЭЗДБГ-аас өмнө нь Согтууруулах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, Зөрчлийн хэрэгт анхаарах асуудал, Гэрээний эрх зүй зэрэг сэдвээр сургалтууд зохион байгуулаад байгаа юм.