ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газраас агаарын тээвэрлэгчидтэй “Нөхөн олговортой нислэг зохицуулах дүрэм”, “Агаарын тээвэрлэгчийн даатгал дүрэм”, “Агаарын тээвэрлэгчийг олон улсын нислэгийн шугамд томилох дүрэм”, “Аяллын дугаар хамтран ашиглан нислэг үйлдэх журам”-ын төслийг 09 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт “МИАТ” ХК, “Аэро Монголиа” ХХК, “Хүннү Эйр” ХХК, “Изинис Эйрвэйз” ХХК, “Геосан” ХХК, “Тэнгэрийн Улаач шинэ” ХХК, “Монголиан Эйрвэйз Карго” ХХК-уудын төлөөлөл оролцож, дүрмийн төслүүдийг дэмжин, холбогдох санал өгч оролцлоо.
Агаарын тээврийн салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулах зорилгоор агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтын дүрмүүдийн төслийг шинэчлэн боловсруулж, дараах зохицуулалтын талаар харилцан санал солилцон, хэлэлцүүлэг хийлээ.
“Нөхөн олговортой нислэг зохицуулах дүрэм”-ээр орон нутгийн хуваарьт нислэгийн үйлчилгээг сэргээн тогтворжуулах чиглэл, нөхөн олговортой нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчийг сонгох, нөхөн олговор олгох, нөхөн олговортой нислэгийг хянан зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор боловсруулсан.
“Агаарын тээвэрлэгчийн даатгал дүрэм”-ээр агаарын тээвэрлэгчид хамаарах даатгалтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулах, агаарын тээвэрлэгчдийн даатгалд хамрагдсан эсэхэд хяналт тавих зохицуулалтын шаардлагыг тогтоохоор боловсруулсан.
“Агаарын тээвэрлэгчийг олон улсын нислэгийн шугамд томилох дүрэм”-ийг олон улсын нислэгийн шугамд Монгол Улсын Агаарын тээвэрлэгчийг томилох, олон улсын нислэгийн шугаманд зорчигч тээврийн хуваарьт үйлчилгээг эхлүүлэх харилцааг журамлах, агаарын тээвэрлэгчийн томилгоонд оролцогч этгээдүүдийн хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох зорилгоор шинэчлэн боловсруулаад байгаа юм.
“Аяллын дугаар хамтран ашиглан нислэг үйлдэх журам”-ын зорилго нь нэг нислэгт агаарын тээвэрлэгчид хооронд аяллын дугаар хамтран ашиглах гэрээ байгуулах зөвшөөрөл олгох, бүртгэх, нислэг үйлдэх зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох, байгуулсан гэрээний хэрэгжилт нь бусад улстай байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээр, түүний хавсралттай нийцэж байгаа эсэхэд хяналт тавих харилцааг зохицуулна.