Өнөө жил “Улсын тэргүүний ахмадын хороо”-гоор шалгарахад идэвхи зүтгэлтэй ажилласан ИНЕГ-ын Ахмадын хорооны Удирдах зөвлөлийн гишүүд, хэсгийн ахлагч нарыг ИНЕГ-ын удирдлагууд Ахмадын өдрийг тохиолдуулан хүлээн авч уулзан, баяр хүргэж шагналаа.
“Иргэний нисэхийн салбарын хөгжил, дэвшилд оруулсан ахмадуудынхаа гавьяа зүтгэлийг бид үргэлж дурсдаг. Бид зүгээр нэг дурсаад яриад суух биш энэ салбарт хийдгээ хийчихсэн ахмад буурлуудынхаа төлөө боломжит бүхнийг хийж байгаа. Энэ ажлуудыг сайн зохион байгуулж, амжилттай ажиллаж буй Ахмадын хороогоо бололцоотой бүх талаар дэмжиж ажиллана” хэмээн ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн уулзалтын эхэнд онцоллоо. Мөн тэрбээр хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөн түүхт 95 жилийнхээ ойг тохиолдуулан иргэний нисэхийн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр барьж байгаа Спортын иж бүрэн цогцолбор, 210 хүүхдийн цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалтын ажлуудын явцаас сонирхуулаад хаа нэг газраас спорт заал түрээслэх гэж явах биш, шинээр барьж буй Спорт цогцолбортоо ахмадууд маань уралдаан тэмцээнээ зохиохоос эхлээд бие бялдраа чийрэгжүүлэх, шарлага, өдрийн эмчилгээ авах гээд олон боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгалаа. Түүнчлэн Ахмадын хорооноос хамгийн сүүлд ирүүлсэн бүжгийн танхим тохижуулах ажлыг нь дэмжинэ гэдгээ хэллээ.
ИНЕГ-ын Ахмадын хороо өнөө жил Монголын Ахмадын холбооноос шалгаруулсан аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх “Улсын тэргүүний ахмадын хороо”-гоор шалгарч, Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагнал гардсан юм. Иргэний нисэхийн салбартай ажил амьдралаа холбосон 682 ахмад тус хороонд бүртгэлтэй байдаг. ИНЕГ-аас ахмадуудынхаа эрүүл мэндийг дэмжих, цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс “Ахмадын өргөө”-тэй болгож, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, даралт, жин үзэх зэрэг эрүүл мэндийн тоног төхөөрөмж болон ном, сонин, сэтгүүлээр хангаж, нийтийн бүжиг, уулзалтуудыг зохион байгуулдаг болсон юм. Өнгөрсөн жил гэхэд л Ахмадын өргөөнд зохион байгуулсан үйл ажиллагаанд давхардсан тоогоор 800 гаруй ахмад хамрагджээ. Харин өнөө жил хорио цээрийн дэглэмийн улмаас нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулаагүй ч засвар үйлчилгээ, тохижилтийн ажлуудыг хийж байгаа. Мөн “Иргэний нисэхийн ахмадууд” гэсэн цахим хуудастай болж, түүгээрээ дамжуулан ахмадууддаа мэдээлэл хүргэж байгаа гэдгийг Ахмадын хорооны дарга З.Наранцэцэг хэллээ.
ИНЕГ-ын удирдлагууд, ахмадуудын уулзалтын үеэр “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнуулсан Аюурзанын Цэвэлмаад шагналыг нь гардууллаа.