Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөл/АТХЗ/-ийн 7 дугаар хурал Зам, тээврийн хөгжлийн яаманд боллоо. Зам, тээврийн хөгжлийн сайд бөгөөд АТХЗ-ийн дарга Л.Халтар даргалсан тус хуралдаанаар АТХЗ-ийн 2019 оны 6 дугаар хурлын шийдвэрийн хэрэгжилт болон Зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцлээ. Мөн Олон улсын нислэг сэргээх, нисэх буудлын үйл ажиллагааг дахин эхлүүлэхтэй холбогдуулан зохион байгуулсан үзлэг шалгалт, эрсдэлийн үнэлгээний тайлан, шинэ коронавируст/Ковид-19/ цар тахлын улмаас агаарын тээврийн салбарт үзүүлж буй нөлөөлөл, Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллах талаар дүгнэн хэлэлцэж, Зөвлөлийн даргаас өгсөн чиглэлүүдийг хурлын шийдвэрийн төсөлд тусган хэрэгжүүлэхээр боллоо.