ХҮНИЙ НӨӨЦИЙН СТРАТЕГИЙН БАРИМТ БИЧИГТЭЙ БОЛНО
Хүний нөөцийн ажилтны өдрийг жил бүрийн аравдугаар сарын 15-нд тэмдэглэдэгтэй холбогдуулан Иргэний нисэхийн үндэсний төвийн Захиргаа, хүний нөөцийн газрынхан бусад газар, албаныхантайгаа өнөөдөр өглөөний цайтай зангиагүй уулзалт зохион байгууллаа. Ажлын уялдаа холбоог сайжруулах, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх, цаашид хүний нөөцийн талаар ямар бодлого барих зэрэг асуудлаар харилцан санал солилцох зорилготойгоор энэхүү чөлөөт арга хэмжээг нь зохион байгуулсан. ИНҮТ-ийн удирдлагуудын зүгээс Хүний нөөцийн ажилтны өдрийг зүгээр нэг тэмдэглэн өнгөрүүлэх бус ирээдүйд мэргэжлийн боловсон хүчний нөөцийг хэрхэн бүрдүүлэх, ямар бодлого барих зэрэг чиглэлээр стратегийн баримт бичгүүдийг боловсруулж батлуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгч байв. Дараа жилийн энэ өдөр дээрх зорилтыг биелүүлсэн байхын төлөө нийт хамт олон зорьж ажиллан амжилтанд хүрэх нь энэ арга хэмжээний гол ач холбогдол оршино гэж ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал дурдаж байв.
АВЛИГЫН ХОР УРШГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Тэрбиш өнөөдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн нийт албан тушаалтан, ажилтан, албан хаагчдад “Авлигын хор уршиг” сэдвээр мэдээлэл, сургалт хийлээ. Төрийн үйлдвэрлэлийн нэгж байгууллага болох ИНҮТ-ийн нийт ажилтнууд авлигад хэрхэн өртөж болзошгүй, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдгийг мэддэг, хуулиа дээдлэн ажиллах ёстойг Б.Тэрбиш комиссаар сургалтандаа онцолжээ.
НИСЛЭГИЙН УДИРДАГЧДЫН ОЛОН УЛСЫН ӨДӨР ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БОЛНО
Жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдөр “Нислэгийн удирдагчдын олон улсын өдөр” тохиодог. Энэ өдрийг угтан Монгол Улсын Нислэгийн удирдагчдын холбооны үе, үеийн дарга нар Нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвд өнөөдөр уулзалдаж дурсамж яриа өрнүүллээ. Улмаар баримтад нэвтрүүлгийн ярилцлагад оролцлоо.
1995 онд Монгол улсын Иргэний агаарын тээврийн байгууллагад ажиллаж байсан нислэгийн удирдагчид сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж Нислэгийн удирдагчдын эрх ашгийг хамгаалах түр хороог байгуулан бүрэлдэхүүнд нь Р.Баатархуяг, Дү.Гантөмөр, Г.Ганбаатар, С.Буяндалай, Ж.Дэмбэрэл, Б.Алтанцом нарын нислэгийн удирдагч нар ажиллаж байжээ. Ингэснээр Монгол Улсын Нислэгийн удирдагчдын холбооны үндэс суурь тавигдаж байсан түүхтэй.
“Нислэгийн удирдагч” гэж хэн бэ, Монгол Улсын Нислэгийн удирдагчдын холбоо хэрхэн байгуулагдаж байв гэсэн сэдвээр үе үеийн нислэгийн удирдагч нарын ярьсан дурсамж яриа бүхий нэвтрүүлэг ирэх 7 хоногт www.tur.mn, www.mcaa.gov.mn, www.ncac.mcaa.gov.mn сайтууд болон Facebook/mcaa фэйж хуудсаар цацагдах юм.
Түүнчлэн энэ өдөр өдөр тутмын хэвлэл Өдрийн сонины “Танайд өнжье” булангийн сэтгүүлч С.Лхамсүрэн Нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвд өнжиж сурвалжлага бэлтгэлээ. Түүний сонирхолтой нийтлэл Өдрийн сонины ирэх даваа гариг/2020.10.19/-ийн дугаарт нийтлэгдэж олон нийтэд хүрнэ.