УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан тэргүүтэй УИХ-ын гишүүд өнөөдөр ИНЕГ-т ажиллалаа.
“УИХ-аар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед улсын төсвийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэртэй агентлагуудын өнөөгийн байдал ямар байгаатай газар дээр нь танилцаж байна. Цар тахлын улмаас төсвийн орлого хумигдмал байгаа учир төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж, тэвчиж болох зардал, хөрөнгө оруулалтын ажлуудыг оновчтой тодорхойлж, блансыг зөв гаргах зорилготойгоор ажиллаж байгаа” гэдгийг Байнгын хорооны дарга Б.Жавхлан онцоллоо.
Дэлхий нийтэд Ковид-19 халдварт вирус тархаж, онц нөхцөл байдал үүссэний улмаас олон улсын агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа үндсэндээ зогсож, санхүүгийн байдалд хүндээр тусч буй. Өнөөдрийн байдлаар манай улсын иргэний нисэхийн салбарын нийт орлого 49 хувиар буураад байна. Одоогоор зорчигч урсгал 70 хувь, хөөрөлт, буулт, ачаа шуудан 63 хувь, өнгөрөлтийн нислэг 54 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
ИНЕГ-аас сүүлийн жилүүдэд орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр агаарын замыг чиг шулуун болгож, навигацийн хураамжийг шинэчлэх, орон нутгийн нисэх буудлуудыг өргөтгөж хүчин чадлыг нэмэгдүүлэх зэргээр олон ажлыг хийж хэрэгжүүлээд байгаа юм.