Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр зам, тээврийн салбарын ажилтай танилцах ажлын хүрээнд эхний ээлжинд цар тахлын халдварын хорио цээрийн дэглэмийн хүнд үед иргэний нисэхийн салбарын нөхцөл байдал ямар байгаатай танилцлаа.
ИНЕГ-аас навигацийн болон нисэх буудлын үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, салбарын үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудаа Ерөнхий сайдад танилцууллаа. Олон улсын агаарын замуудыг чиг шулуун болгох ажлыг хэрэгжүүлснээр агаарын тээвэрлэгчид жилд 230 гаруй мянган км зам товчилж, дунджаар 1656 тн түлш хэмнэн, нүүрс хүчлийн хийн ялгаралт 5220 тн бага байх боломжийг бүрдүүлсэн. Мөн 2018 оноос нислэгийн хөдөлгөөний удирдлагын зайчлалд автомат хамааралтай ADS-B системийг ашиглаж эхэлснээр агаарын навигацийн үйлчилгээний найдвартай, тасралтгүй ажиллагаа дээшлэн, агаарын зайн зохион байгуулалтыг чөлөөт, уян хатан байдлаар зохион байгуулах, агаарын хөлөг хоорондын тууш зайчлалыг багасгах нөхцлийг бүрдүүлж, агаарын зайн нэвтрэн өнгөрүүлэх чадамжийг ихэсгэсэн. Түүнчлэн орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын явгалах замын өргөтгөлийн ажил, Завхан аймгийн “Доной”, Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын аэродромын барилга угсралтын ажил, гэрэл суултын систем суурилуулах, Завхан аймгийн “Тосонцэнгэл” нисэх буудлын аэродромын зурвасын их засварын ажил, Өмнөговь аймгийн “Гурвансайхан” зэрэг нисэх буудлын аэродромын хөөрч буух зурвасын урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ирэх 4 жилд Хөвсгөл аймгийн “Мөрөн”, Увс аймгийн “Дэглий цагаан”, Дорнод аймгийн “Чойбалсан”, Ховд аймгийн “Ховд” нисэх буудлын аэродромыг 4С ангиллын болгон өргөтгөх, мөн Кувейтийн сангийн хөрөнгөөр Хэнтий аймгийн “Өндөрхаан нисэх буудлыг шинэчлэн барих төсөл”, Хэнтий аймгийн “Дэлүүн болдог” нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн тухайгаа ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцуулгадаа онцоллоо.
Сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байсан иргэний нисэхийн салбарын үзүүлэлт Ковид-19 цар тахлын улмаас огцом буурсан ба 2020 оны салбарын тоон үзүүлэлтүүд нь 50-иас дээш хувиар буураад байгаа. Тухайлбал, өнгөрөлтийн нислэг 54, хөөрөлт, буулт 63, зорчигч, ачаа, шуудан 63 хувиар буурсан. Хуваарьт нислэг гүйцэтгэгч дотоодын агаарын тээвэрлэгчид болон ИНЕГ-ын орлого 2010-2019 онуудад өсөлттэй байсан бол өнөө жил ИНЕГ-ын орлого 48, агаарын тээвэрлэгчдийн борлуулалтын орлого 67 хувиар буураад байна.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гаргасан судалгаагаар цар тахлын нөлөөгөөр 2020 онд олон улсын зорчигч тээвэр 60-62 хувь буурсан бөгөөд халдвар давтан дэгдэж байгаа явдал, бизнесийн зорилгоор зорчих урсгал бага, зорчигчдын болгоомжлол зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан олон улсын зорчигч урсгал 2023 онд, зорчигч тээврийн орлого 2024 онд тус тус Ковид-19 цар тахлаас өмнөх үеийн үзүүлэлтэд хүрнэ гэсэн тооцооллыг гаргажээ.
Ерөнхий сайдыг иргэний нисэхэд ажиллах үеэр “МИАТ” ТӨХК болон “Хүннү эйр” компанийн удирдлагууд үйл ажиллагаандаа тулгараад буй хүндрэлүүдээс танилцуулж, Засгийн газраас авиакомпаниудыг дэмжих боломжийг судалж байгаад талархал илэрхийллээ.