Улсын онцгой комисс болон ЗТХ-ийн сайдын шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу ИНЕГ-ын Дэд дарга Б.Алтанцомоор ахлуулсан ажлын хэсэг шуурхай хуралдлаа.
Тус хурлаар УОК-ийн тогтоол болон ЗТХ-ийн сайдын шуурхайн хуралдааны мэдээлэл, А-214 тоот тушаалыг танилцуулж харьяа байгууллага, алба, нэгжүүдэд тогтоол, тушаалыг мөрдөн цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг өндөр дээд хэмжээнд сахиж, ажлыг хэвийн горимоор явуулахыг үүрэг болголоо.
Түүнчлэн,
– Удирдах албан тушаалтнууд 24 цагаар холбогдох утас нээлттэй байх,
– Онцгой байдлын үед ажиллах Шуурхай штаб өнөөдрөөс тогтмол хуралдаж, бэлэн байдлаа өндөржүүлж ажиллах
– Уулзах шаардлагатай, гаднаас ирсэн зочдыг бүртгэлжүүлж ажлын байранд тусгайлсан өрөөнд, хязгаартай хүлээн авч уулзах
– Харьяа алба, салбарууд цаашид ямар зохион байгуулалтай ажиллах талаар онцгой үеийн төлөвлөгөө гаргаж танилцуулах
-Нийтийг хамарсан спорт тэмцээн, 4-өөс дээш хүн оролцсон хурал, уулзалт зохион байгуулахгүй байх
-Орон нутгийн томилолтуудыг тодорхойгүйгээр цуцалж, хувийн зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулсан онцгой үүрэг даалгавруудыг өглөө.
Нийт ажилтнууд энгийн цагийн хуваарийн дагуу ажиллахдаа ажлын байранд цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх санамжуудыг мөрдөж, цар тахалтай холбоотой аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжтай мэдээллээс авч тайван байхыг мөн сануулж байна.
Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс албан тасалгааны агааржуулалт, цэвэрлэгээг тогтмол хийх, хувийн ариун цэврийг чанд сахиж ажиллах шаардлагатай. Байгууллагын ажилчдын унааны халдвар, хамгаалалтыг сайжруулан хуучин цагийн хуваариар ажилчдадаа үйлчилж ажиллана.
Хүн бүр дор дороо халдвар хамгааллаа баримтлан эрсдлээс сэргийлж ажиллахаас гадна бусдадаа шаардлага тавьж маск зүүх, гараа тогтмол угаах, ариутгах, зай барьж ажиллахыг сануулж байхыг мөн уриалж байна.
Буянт-Ухаа нисэх буудлаас олон улсын, тусгай үүргийн нислэг УОК-оос батлагдсан хуваарийн дагуу үргэлжилнэ. Харин орон нутгийн нислэгийг 3 хоногийн хугацаанд хязгаарлах шийдвэрийг УОК-аас гаргасан шийдвэрийн дагуу мөрдөж ажиллах юм.
Олон нийтэд дэлгүүр, түргэн тусламж, буяны ажил зэрэг үйлчилгээнүүд хэвийн ажиллаж байгаа тул аливаад сандралгүй, тайван хандах нь цар тахлын халдвараас сэргийлэх, тархахгүй байх бас нэг арга хэмжээ болохыг нийт хүмүүст сануулья.
Ажлын хэсэг дээрх үүрэг даалгаваруудыг мөрдөж ажиллахын зэрэгцээ ЗТХЯ-ны Шуурхай штабтай тогтмол холбоотой байж, үүрэг чиглэл авч байхыг Б.Алтанцом дарга хурлын үеэр мөн анхаарууллаа.