Улаанбаатар хотод өнөөдрийн 06.00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
Хөл хорионы дэглэм буурч байгаа хэдий ч Улаанбаатар хотод халдварын голомтууд идэвхитэй хэвээр байгаа тул байгууллага, ард иргэд, ААН халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, нэг нэгэндээ шаардлага, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан уриалсан. Өчигдрийн 11.00 цагийн байдлаар манайд улсын дотооддоо халдвар авсан хүний тоо 929, зөөвөрлөгдсөн 409 буюу нийт 1429 хүн Covid-19-өөр өвчилжээ. Үүнээс 896 нь эдгэрч, 522 хүн эмчлүүлж байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд зургаан аймагт кластер голомтыг хумьж, голомтын халдварлалт бүрэн зогссон. Харин Улаанбаатар хотод дөрвөн хэсэгт халдвар голомтлон тархаж, өнөөдрийн байдлаар нийт 603 тохиолдол бүртгэгдсэнээс 54 хувь нь Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой тохиолдлууд байв. Өнгөрсөн өдрүүдэд Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой тохиолдлын тоо эрс цөөрсөн байна.
Даваа гаригийн өглөөний 06:00 цагаас эхлэн нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу явах бөгөөд дугаарын хязгаарлалт хэрэгжинэ. Улаанбаатар хотоос иргэд эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх шалтгаан зэрэг тодорхой нөхцлийн улмаас орон нутгийг зорихдоо заавал шинжилгээ хийлгэнэ.
Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг өнөөдрөөс хэвийн горимд нь шилжүүлэн нээж, иргэдэд агаарт гарах маршрутыг хамт олноор бус гэр бүлийн хүрээнд, ямар нэг бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохицуулахаар боллоо.
Өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэнээр дор дурдсан 18 салбар, чиглэлээс бусад ААН-үүд хэвийн ажиллаж эхэлнэ.
-Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа (бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар)
-Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
-Бүх төрлийн баар
-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
-Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
-Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, бильярд, фитнес, бүжиг, иогийн клуб
-Саун, бассейн
-Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
-Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар
-Үсчин, гоо сайхан /гоо сайхан, хумс засал/
-Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
-Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал
-Түргэн үйлчилгээний цэг
-Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг
-Нийтийн халуун ус
-Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ
-Дүрс бичлэг
-5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт зэрэг үйл ажиллагааг хязгаарлах юм байна.