Дэлхий дахинаа тархаад буй шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг ханган ажиллаж байгаа иргэний нисэхийн салбарын нийт ажилтан, албан хаагчиддаа гүн талархал илэрхийлье.
Халдварт цар тахлын үеийн эдийн засгийн хямрал иргэний нисэхийн салбарт ч мөн нөлөөлж 2020 онд зорчигч, ачаа шуудан, нислэгийн тоо, агаарын тээврийн орлого өмнөх оноос 55-70 хувиар буурсан байна.
Агаарын тээврийн салбар нь хямралын үед эдийн засаг, нийгмийг сэргээх гол хүч байсаар ирсэн. SARS, Ebola зэрэг тахалт вирусын нэгэн адил Ковид-19 мөн бидний өмнө бас нэгэн шалгуур болж, бид хэдийгээр хохирол амсаж байгаа хэдий ч болзошгүй эрсдэлд хариуцлагатай бэлэн байж, хамтын хүчээр энэхүү бэрхшээлийг даван туулна гэдэгт итгэлтэй байна.
Цаашид ажилтан бүр хариуцлагатай, сахилга баттай байж, хүчээ нэгтгэн, сонор сэрэмжээ улам дээшлүүлж, эв эеийг хичээж эрсдэлт цаг үеийг даван туулах болно.
Бид хамтдаа эрүүл мэнд, аюулгүй байдлын талаарх мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж мөрдөхийн зэрэгцээ үнэн зөв мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах, ташаа мэдээлэл түгээхээс зайлсхийх нь энэ цаг үеийн хамгийн чухал хариуцлагуудын нэг юм.
Нэг салбарын хамт олон нэгдмэл зорилго, зүтгэлтэй байж чадвал цар тахлыг хохирол багатай даван туулж, салбартаа өмнөхөөсөө ч илүү амжилтыг бүтээх ирээдүй биднийг угтаж байгаа гэдэгт итгэж байна.
Иймд энэхүү цар тахлыг даван туулна гэсэн өөдрөг итгэлтэйгээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж ажиллахыг уриалж байна.
АЖИЛТАН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ, ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ!
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ДАРГА Л.БЯМБАСҮРЭН