Манай улс Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шаттай эхлүүлэхээр төлөвлөж байна.
БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун вакцин авчрах “МИАТ” компанийн шууд нислэгийн зардалд шаардагдах хөрөнгийг өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.
Вакциныг тогтоосон хугацаанд авчрах, зориулалтын автомашинаар тээвэрлэн хадгалах байранд хүргэх, үе шаттай вакцинжуулж эхлэхийг салбарын сайд нарт даалгасан байна.
Дэлхий дахинд “Ковид-19”-ийн эсрэг 232 вакцин хөгжүүлж буй. Өнөөдрийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНСУ-ын SKBio, БНЭУ-ын Serum Institute of India компанид үйлдвэрлэсэн AstraZeneca, Германы “BioNTech”, Америкийн “Pfizer” компаниудын хамтран бүтээсэн вакцинд зөвшөөрөл олгоод байгаа юм.
Сүүлийн үеийн мэдээллээр дэлхий дахинаа өдөрт зургаан сая хүн вакцин хийлгэж байгаа бөгөөд вакцин хийж эхэлснээр “ковид-19”-ийн халдвар 17-22 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.