Өнөөдөр “”МИАТ” ХК-ийн тусгай үүргийн онгоцоор БНЭУ-аас тээвэрлэн авчирсан “COVID-19”-ийн эсрэг вакциныг хүлээлгэн өгөх ёслол “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд боллоо.
БНЭУ-ын Засгийн газраас бэлэглэсэн 150 мянган тун АстраЗенека вакциныг Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хүлээлгэн өгсөн юм.
“Энэтхэг Улс “COVID-19”-ийн эсрэг вакциныг Монгол Улсад өгч байгаа анхны улс болж байгаадаа баяртай байна. Энэтхэг улс нь эхний ээлжинд 6.3 сая тун вакциныг 13 найрсаг түнш оронд бэлэглэж буй бөгөөд энэ нь бидний зүрх сэтгэлийн холбоо, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл” гэдгийг Энэтхэгийн Элчин сайд энд хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн тэрбээр бэлэглэсэн тунгаас гадна тус улсаас вакцины нэмэлт хангамжийг арилжааны шугамаар худалдан авахад туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ, Энэтхэгийн Ерөнхий сайдад Монгол Улсыг ковидын вакцинаар хангаж буй орнуудын жагсаалтын эхний эгнээнд оруулсанд талархал илэрхийлээд, өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа түүхэнд тэмдэглэгдэх болно гэдгийг дурдлаа. Мөн Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэл өргөжиж хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх чиглэлээр олон салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг онцолсон юм.