Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд ИНЕГ-ын хамт олонд ТАЛАРХАЛ ирүүллээ.
Тэрбээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногийн хугацаанд Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн төр засаг, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг ханган, нийслэлчүүдээ цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэн ажилласныг дурдаад энэ цаг хугацаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, алба хаагчидтай мөр зэрэгцэн ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, биеийн алжаалыг умартан, эх оронч сэтгэлээр ажилласан иргэний нисэхийн салбарын хамт олонд цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлсэн байна.
Мөн Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг эртний үгийг санаж, энэхүү цар тахлаас хайртай бүхнээ хамтран хамгаалахыг уриалаад иргэний нисэхийн салбарын хамт олонд ажил, хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногийн хугацаанд ИНЕГ, түүний харьяа ИНҮТ-ийн нийт 213 албан хаагч зохицуулагчаар ажилласан юм. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эхний өдөр иргэний нисэхийн салбараас 124 эмэгтэй албан хаагч зохицуулагчаар ажиллажээ.