Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Бүгд Найрамдах Колумб Улсын иргэн Хуан Карлос Салазар томилогдлоо. Тэрээр 2015 оноос хойш хоёр удаа дараалан энэ албан тушаалыг хашиж буй доктор Фанг Люгийн халааг авч байгаа бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатайгаар албан үүргээ гүйцэтгэнэ.
Ноён Салазар 2018 оны нэгдүгээр сараас 3100 гаруй ажилтан, 12 үйлдвэрчний эвлэлтэй Колумбын Иргэний нисэхийн ерөнхий газар/ Aerocivil/-ын даргаар томилогдон ажиллаж байгаа. Тэрээр иргэний нисэхийн хууль, стандартын чиглэлээр болон олон улсын нисэхийн, менежментийн, бодлогын салбар дахь гэрээ хэлэлцээрээр мэргэшсэн, 26 жилийн ажлын туршлагатай мэргэжилтэн юм.
Х.К.Салазар нь Төрийн захиргаа, нисэхийн болон сансрын эрх зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд испани, англи, франц, араб хэлтэй хэмээн ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн мэдээлэлд дурджээ