Зам, тээврийн хөгжлийн сайд, Батлан хамгаалахын сайдын хамтарсан тушаалаар байгуулсан Монгол Улсын агаарын зүйд нислэг үйлдэж буй агаарын хөлөг, улсын болон иргэний нисэхийн нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээ бий болгох асуудлыг судлах, холбогдох тооцоо, судалгаа, дүгнэлт гаргах Ажлын хэсэг өнөөдөр анхны хурлаа цахимаар хийлээ.
ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцомоор ахлуулсан Ажлын хэсгийн анхны хуралд ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом, АННББЗГ-ын дарга Д.Эрдэнэбаатар, ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал, Ажлын хэсгийн дэд дарга, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, хурандаа Б.Эрдэнэбат, Нарийн бичгийн дарга, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Б.Энхжаргал, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Хуулийн хэлтсийн дарга, хуулийн зөвлөх Г.Энхболд, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн тэнхимийн багш, бэлтгэл хурандаа С.Отгонбаяр нар болон бусад гишүүд оролцож, Ажлын хэсгийн төлөвлөгөөгөө хэлэлцлээ.
Ажлын хэсгийнхэн Иргэний нисэхийн тухай олон улсын гэрээ, конвенц, Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, Хилийн тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль, Улсын нисэхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд иргэний болон улсын нисэхийн хамтын ажиллагааны эрх зүйн хэм хэмжээг тодорхойлох, Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдлыг хангах, иргэний нисэх болон улсын нисэхийн хамтын ажиллагааны чиглэлээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, иргэний нисэх, улсын нисэхийн талаар төрөөс баримтлах бодлого, стратегийн баримт бичгийг судлан дүн шинжилгээ хийх юм. Мөн Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенц, түүний хавсралтууд, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого, холбогдох баримт бичгүүд, стандарт, зөвлөмжийг Монгол Улсын хууль тогтоомжоор тодорхойлогдсон эрх зүйн хэм хэмжээтэй харьцуулан дүгнэлт гаргана. Түүнчлэн иргэний болон улсын нисэхийн харилцан уялдаатай хамтын ажиллагаа, нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээг бий болгох, хэрэгжүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх талаар санал дүгнэлт гаргахаар төлөвлөгөөнд тусгажээ.
Ажлын хэсэг санал, дүгнэлтээ энэ сарын 31-ний өдрийн дотор багтаан Зам, тээврийн хөгжлийн Сайдын зөвлөл, Батлан хамгаалахын Сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулах юм.