Өнгөрсөн долоо хоногт дэлхийн зарим орон “AstraZeneca” компанийн Оксфордын их сургуультай хамтран гарган авсан вакциныг хэрэглэхээ түр зогсоосон тухай мэдэгдэж байсан.
Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Астразенека” вакцин, цусны бүлэнгийн үүсэл хоёрын хооронд холбоо хамаарал байгаа гэх ямар ч нотолгоо байхгүй учир хэрэглээг нь зогсоох шалтгаан байхгүй гэж мэдэгджээ. ДЭМБ-ын төлөөлөгч Маргарет Харрис энэ тухай мэдэгдээд, “Астразенека” вакцин нь цаашид хэрэглэх ёстой сайн вакцин гэжээ.
Түүнчлэн Их Британи, Шведийн компанийн вакциныг хөгжүүлэгчид эмнэлзүйн туршилтын үеэр вакцины аюулгүй байдлыг хамгийн нарийн шалгалтаар явуулсан гэж мэдэгдсэн байна.
“AstraZeneca” компанийн Оксфордын их сургуультай хамтран гарган авсан вакцинаар Их Британид 11 сая гаруй хүн, Европын Холбоонд 5 сая хүнийг дархлаажуулаад байгаа юм. Мөн Их Британи, Герман, Австрали, Португал, БНСУ, Мексик, Филиппин зэрэг улс “AstraZeneca”-н вакцинаар иргэдээ дархлаажуулсар байхаа мэдэгдсэн тухай ВВС агентлаг мэдээлснийг МОНЦАМЭ агентлагийн мэдээнд дурджээ.