Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн нислэгт тэнцэх чадварын хяналтын ахлах байцаагч Гүржавын Цэдэнбалжир нь 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өвчний улмаас зуурдаар таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Г.Цэдэнбалжир нь 1962 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд Ч.Гүржавын 4 дэх хүү болон мэндэлжээ. 1978 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын дунд сургууль, 1980 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1 дүгээр 10 жилийн сургуулийг тус тус төгссөн. 1980 оны 11 дүгээр сараас Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нисэх онгоцны буудлын эрхлэгч холбоочноор ажилласнаар иргэний нисэхийн салбарт ажиллах ажлын гараагаа эхлүүлжээ. Тэрээр 1985-1988 онд Омск хотын Нисэхийн дунд сургуульд агаарын хөлгийн радио электроник мэргэжлээр суралцаж бакалаврын зэрэгтэй, 1994-2000 онд Украйн Улсын Киев хотын Иргэний нисэхийн их сургуулийг агаарын хөлгийн ашиглалтын инженер мэргэжлээр магистрийн зэрэгтэй төгсжээ.
Тэрээр 1988-1994, 2000-2006 онд МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт агаарын хөлгийн техникч, инженер, 2006-2009 онд ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанд байцаагч, 2009-2013 онд Изинис эйрвэйз ХХК-д инженерингийн хэлтсийн дарга, 2013 оноос ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохиц
уулалтын албаны Нислэгт тэнцэх чадварын хэлтэст байцаагч, ахлах байцаагчаар ажиллаж байлаа.
Г.Цэдэнбалжир нь иргэний нисэхийн салбарт тасралтгүй 38 жил үр бүтээлтэй ажиллахдаа Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан аюулгүй ажиллагааны стандартыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог олон улсын жишигт хүргэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд ажлын арвин их туршлагатай, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай, иргэний нисэхийн салбарын тэргүүний ажилтны нэг байлаа.
Түүний эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх дурсагдан үлдэх болно.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ