ИНЕГ-аас хүлээсэн үүргийнхээ дагуу шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангах үүднээс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хамтарсан уулзалт, хурлыг 40 удаа зохион байгуулсан бөгөөд нийтдээ 181 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Үүнээс “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээний 16.3, 16.4-т заасан Концесс эзэмшигч болон Эрх бүхий этгээдийн урьдчилсан нөхцөлийг хангах зорилгоор дараах онцлох ажлуудыг Иргэний нисэхийн ерөнхий газар, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК хамтран гүйцэтгээд байна. Үүнд:
- Үйлчилгээ үзүүлэх гэрээ болон Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ажиллуулахаар ИНЕГ, түүний харьяа байгууллагуудаас 500 гаруй ажилтанг НУБИЭ компанид шилжүүлсэн.
- Концессын зүйлийн 47 барилга, байгууламж, түүнд дагалдах тоног төхөөрөмжийг НУБИЭ компанид хүлээлгэн өгсөн.
- “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг тогтвортой явуулахад шаардлагатай Аюулгүй байдал, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ болон Газрын үйлчилгээний хамтран ажиллах гэрээг байгуулсан.
- Иргэний нисэхийн дүрмийн шаардлагуудыг хангаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг аэродромын болон бусад шаардлагатай гэрчилгээжүүлэлтэд хамруулсан.
- “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангасан.
- “Чингис хаан” ОУНБ-ын үйл ажиллагааг 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр эхлүүлэх, нисэх буудлын үйлчилгээний төлбөр хураамж болон бусад мэдээллийг Нисэхийн мэдээллийн эмхэтгэлээр мэдээллэсэн.
Өчигдөр болсон хурлаар хоёр тал хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэсэн бөгөөд ИНЕГ-ын ажлын хэсгийг ахалсан, дэд дарга Б.Алтанцом шинэ нисэх буудлын бэлтгэл ажлыг хангах хоёр талын ажлын хэсгийнхэн өнгөрсөн гурван жилийн хугацаанд үр дүнтэй сайн ажиллаж, олон асуудлыг шийдвэрлэсэн гэж дүгнэв.
Мөн тэрбээр хоёр талын ажлын хэсэгт орж, цаг наргүй, сэтгэлээрээ, санаачлагатай ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлээд цаашид ч засаж сайжруулах, хамтарч хэрэгжүүлэх ажлууд дээр ИНЕГ-ын зүгээс бүх талаар тусалж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа онцоллоо.
“Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Като Такоэ, хоёр талын шаргуу хамтын ажиллагааны үрээр шинэ нисэх буудал нээлтээ хийх гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, цаашид ч нисэх буудлын ирээдүйн хөгжлийн талаар ИНЕГ-тайгаа ойр ажиллаж, асуудлуудыг хамтдаа шийдвэрлээд явна гэдгээ хэллээ.