Нийтлэгдсэн 2021-08-19

“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 134 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орж, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын арилжааны нислэгийн үйл ажиллагааг тус нисэх буудалд шилжүүлсэн билээ.
“Олон улсын нисэх буудлын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 455 дугаар тогтоолоор “Буян-Ухаа” нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар шийдвэрлэсэн юм.
“Иргэний нисэхийн тухай” Монгол Улсын хуулийн 10.1.-т “Нислэгийн хөдөлгөөнд үйлчлэх зориулалттай нэгдмэл системийн барилга байгууламж, тоног төхөөрөмж төрийн өмчид байна”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Нислэгийн аюулгүй ажиллагааг хангах шаардлагын үүднээс иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага харьяалах сум, дүүргийн Засаг даргатай хамтарч аэродром орчмын аюулгүйн бүсийг тогтооно”, 20.2-т “Аюулгүйн бүсийн нутаг дэвсгэрийн ашиглалттай холбогдсон асуудлыг Иргэний нисэхийн багц дүрмээр зохицуулна” гэж тус тус заасан байдаг.
Өнөөдрийн байдлаар тус нисэх буудалд онцгой байдлын нисэх алба болон улсын нисэх, ерөнхий зориулалтын агаарын тээвэрлэгчид өдөрт 10-аас дээш тооны ерөнхий зориулалтын болон тусгай үүргийн нислэг үйлдэж байгаа бөгөөд агаарын тээвэрлэгчдийн ангарын барилга байгууламж, агаарын хөлгийн засвар үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулж байна.
“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал нь зорчигч болон ачаа тээврийн терминал, агаарын хөлгийн 24 зогсоол, хөөрч, буух хучилттай болон шороон зурвас, явгалах зам, ангар, навигацийн үйлчилгээ, бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага, холбоо, навигаци ажиглалтын үйл ажиллагаа, тэдгээрийн техник, тоног төхөөрөмжүүд, аэродромын болон газрын үйлчилгээний барилга байгууламж зэргийг багтаасан 520.3 га эзэмшил газартай, 9,5 км урт бетон хашаатай. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолоор тус нисэх буудлыг цагдаагийн байгууллагын гэрээт хамгаалалтад байх улсын онц чухал объектын жагсаалтад оруулсан.
“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын зорчигч үйлчилгээний терминал нь 21,900 кв.м, ачаа шуудангийн терминал нь 2160 кв.м талбайтай, цагт 1200 зорчигчид үйлчлэх, 100 тн ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадалтай, олон улсын 4D ангиллын агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай зурвас, үйлчилгээ бүхий нисэх буудал юм. Тус нисэх буудал нь 3150 кв.м талбай бүхий 425 авто машинд үйлчлэх авто зогсоолтой.
Мөн 2015-2019 оны хооронд тус нисэх буудлын барилга, байгууламжид 23.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар зорчигч үйлчилгээний терминалыг өргөтгөх, хөөрч буух зурвасыг хүчитгэн сайжруулах, их засвар хийх зэрэг ажлууд хийгдсэнээр олон улсын стандарт шаардлагад нийцсэн нисэх буудлын үйлчилгээний чанар, хүртээмж улам бүр нэмэгдсэн. Их хэмжээний хөрөнгө оруулалтаар хийсэн нисэх буудлын дэд бүтцийг зориулалтын дагуу үр өгөөжтэй ашиглах нь Монгол Улсын иргэний нисэхийн салбарт чухал ач холбогдолтой.
Нисэх буудлын үйл ажиллагааны цар хүрээ буурч, арилжааны нислэгийн үйл ажиллагаа “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд шилжсэн хэдий ч цаг үеийн шаардлагаар дамжин өнгөрөх нислэг, олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалтын нисэх, иргэний болон улсын агаарын хөлгөөр гүйцэтгэх онцгой, тусгай үүргийн нислэг, иргэний нисэхийн сургалт үйлдвэрлэл, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулах зорилгоор ашиглах боломжтой юм. Мөн иргэний болон улсын агаарын хөлгийн онцгой байдал, гамшгаас хамгаалах, онцгой, тусгай үүргийн болон ерөнхий зориулалтын нислэг, энхийг сахиулах ажиллагааны нисэх онгоц хүлээн авах боломжтой хэвээр байх юм.
УИХ-ын 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 6.1.4-т “2015 онд олон улсын нөөц нисэх буудалтай болно” гэсэн зорилт өнөөг хүртэл хэрэгжээгүй билээ. Олон улсын нөөц нисэх буудал шинээр байгуулах нь олон чиглэл, төрлийн судалгаа, цаг хугацаа, хөрөнгө санхүү шаардсан томоохон бүтээн байгуулалтын ажил билээ.
Үүний дагуу тус нисэх буудлыг үндсэн зориулалт буюу нисэхийн чиглэлээр ашиглах, нисэхийн аюулгүй ажиллагааг хангах, нислэгийн үйл ажиллагаанд зориулан ашиглуулах, цаашид үндсэн нисэхийн үйл ажиллагааг тогтвортой явуулж, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тусгай хэрэгцээний газрын зориулалтаар “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын аэродромын талбайн 509.1 га, нисэх буудлын үйлчилгээнд хамаарах Иргэний нисэхийн ерөнхий газрын контор, аж ахуйн зориулалтаар ашиглах 2.01 га газрыг тус тус улсын тусгай хэрэгцээнд авахаар Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.
      Ингэснээр Төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчин болон нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын хөгжлийн явцад бий болсон үнэт зүйлс, нөөц, боломж, давуу талуудад тулгуурлан тус нисэх буудлыг дараах чиглэлээр ашиглах боломжтой болсон болно. Үүнд:
• Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаа
• Давагдашгүй хүчин зүйл үүсэх үед
• Онцгой болон тусгай үүргийн нислэг
• Агаарын хөлгийн засвар үйлчилгээ
• Иргэний нисэхийн сургалт, дадлага
• Улсын нислэг
sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper