Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар шинээр томилогдон 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажилдаа орсон ноён Хуан Карлос Салазар Ази, Номхон Далайн бүсийн Иргэний нисэхийн удирдах байгууллагын дарга нартай өнөөдөр цахим хурал хийлээ.
Тус хуралд Монгол Улсыг төлөөлөн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцом оролцлоо.
Тэрбээр Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон ноён Хуан Карлос Салазарт баяр хүргэн ажлын амжилт хүсч, Монгол Улсын агаарын тээврийн салбарт үзүүлж буй Ковид-19 цар тахлын нөлөөлөл болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.
Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Хуан Карлос Салазар Ковид-19 цар тахлын хүнд цаг үед Монгол улс агаарын тээврийг сэргээх чиглэлээр хүчин чармайлт гарган Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг амжилттай эхлүүлсэн явдалд баяр хүргэв.
Хуралд оролцогсод далайд гарцгүй болон хөгжиж буй арлын орнуудын агаарын тээврийн салбарт Ковид-19 цар тахал ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар дурдан Олон улсын Иргэний нисэхийн байгууллагаас 2021 оны 10 дугаар сард зохион байгуулах Ковид-19 цар тахлын эсрэг өндөр дээд төвшний хуралд идэвхтэй оролцохоо Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Хуан Карлос Салазарт уламжиллаа.