Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараах агаарын тээврийн тогтвортой байдлыг хангах нэг үзэл баримтлал” сэдвийн дор Дээд хэмжээний цахим хурлыг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Дэлхийн улс орнуудын олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан дэлхий нийтээр нэг зөвшилцөлд хүрэх, Ковид-19 цар тахлын улмаас агаарын тээврийн салбарт үүсээд буй хямралаас аюулгүй, үр дүнтэй эргэн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх, тогтвортой байдлыг бэхжүүлэх суурийг бий болгоход уг хурлын зорилго оршино. Мөн цар тахлын улмаас агаарын тээврийн салбарт гарч буй сөрөг үр дагаврыг харгалзан иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, агаарын тээврийн хялбаршуулалт зэрэг олон талт асуудлуудыг хэлэлцэж, ICAO-ын гишүүн орнууд нэгдсэн Тунхаглал батлах ажээ.