ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан өнөөдөр Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны байцаагч нарт эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Өмнө нь зөвхөн хэлтсийн дарга нарт эрх шилжүүлдэг байсан бол энэ удаад ийнхүү хяналтын байцаагч нарт шилжүүлж байна.
Энэ үеэр ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Иргэний нисэхийн салбарын гол түлхүүр хүч болсон НААХЗА-ны байцаагч нарт 100 хувь итгэл хүлээлгэн зарим эрхээ шилжүүллээ. Одооноос та бүхэн Иргэний нисэхийн гол хяналт зохицуулалтыг хийх бүрэн эрхтэй болж байна. Албан үүргээ гүйцэтгэхдээ эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, хараат бусаар ажиллаарай. Хяналтын байцаагч нарт эрх шилжүүлснээр ирэх онуудад Иргэний нисэхийн салбарын хөгжилд илүү их ахиц дэвшил гарна гэж итгэж байна” хэмээлээ. НААХЗА-ны дарга Ё.Эрдэнэбат “ИНЕГ-ын дарга хяналтын байцаагч нарт өндөр үүрэг хариуцлага хүлээлгэн эрхээ шилжүүлж өглөө. Бид энэ итгэлийг сэтгэл зүтгэлээр хариулах болно” гэсэн юм.
Гарын үсэг зурах ёслолын дараа “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Дотоод хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Д.Алтантуяа, Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт, зохицуулалтын албаны Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн байцаагч Э.Золзаяа нарыг Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн “Хүндэт тэмдэг” – ээр шагналаа.