Нийтлэгдсэн 2021-12-30

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ИРГЭНИЙ АГААРЫН ХӨЛГИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ЗОХИЦУУЛАЛТЫГ БҮРДҮҮЛЭВ

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.12.30) нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т 2018 онд нэгдэн орсноор иргэний агаарын хөлөг, түүний сэлбэг хэрэгслийг гаалийн болон бусад татвар хураамжаас чөлөөлөх үүргийг хүлээсэн. Сүүлийн 5 жилд Монгол Улсад 25 агаарын хөлөг шинээр нэмэгдсэн нь чамлахааргүй тоо боловч ачаа тээвэр, ерөнхий зориулалтын агаарын хөлөг, түүний сэлбэг хэрэгсэлд татвар ногдуулсан хэвээр байна.

Тиймээс дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Хуулиуд батлагдсанаар иргэний агаарын хөлөг, түүний сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүрдэж, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн байгууллага Монгол Улс тус байгууллагын иргэний агаарын ачаа тээвэр, хөдөө аж ахуй, түргэн тусламж, сургалтын гээд иргэний зориулалтаар ашиглах бүх төрлийн агаарын хөлгийн ашиглалтыг нэмэгдүүлэх татварын таатай орчин бүрдүүлэх боломжтой боллоо.

Мөн өнөөдөр батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлэх, олон улсын нислэгийн сүлжээг өргөжүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, орон нутгийн нислэгийг сэргээх, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын олон талын арга хэмжээг хэрэгжүүлэхэд татварын хөнгөлөлт онцгой дэмжлэг үзүүлэхээр тусгасан.

Иргэний агаарын хөлгийг татвараас чөлөөлснөөр эдийн засаг, нийгмийн хүрээнд ач холбогдол бүхий татварын таатай орчин бүрдэж байгаагийн зэрэгцээ цаашид орон нутгийн нисэх буудлуудыг түшиглэж агаарын хөлгийн засвар үйлчилгээ,  сургалтын төвүүд байгуулах, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд агаарын хөлөг угсрах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, агаарын хөлгийн засвар үйлчилгээний төвийн цар хүрээг өргөжүүлэх, ой хээрийн түймэртэй тэмцэх, ой модыг хортон шавжаас, бэлчээр, газар тариалангийн талбайг мэрэгчээс хамгаалах, ачаа тээврийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, боломжийг бүрдүүлэхэд  татварын хууль тогтоомжид өөрчлөлт оруулж буй нь төрөөс олгож буй том дэмжлэг  юм.

https://mrtd.gov.mn/i/2901

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper