ИНД-ИЙН ШИНЭЧЛЭЛИЙН 3 ДУГААР АЯНЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭВ
Манай улс анх 2000 онд Шинэ-Зеландын Иргэний нисэхийн дүрэм/ИНД/-ийг жишиг болгон боловсруулж, ICAO-гийн шаардлагад нийцсэн олон улсын иргэний нисэхийн эрх зүйн нийтлэг зохицуулалтад шилжсэн байдаг.
2015 он хүртэл иргэний нисэхийн салбарт мөрдөж байсан ИНД-үүд нь Монгол Улсын агаарын тээврийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байсан тул 2016 оноос ИНД-ийн шинэчлэлийн 3 дугаар аяныг эхлүүлж, Чикагогийн конвенци болон Иргэний нисэхийн тухай хуулийн шаардлагад нийцсэн 48 ИНД-ийг боловсруулах ажлыг иргэний нисэхийн салбарын 80 гаруй шилдэг нисгэгч, инженер, нислэгийн хөдөлгөөний удирдагч болон мэргэжлийн ажилтнуудын оролцоотойгоор 2021 онд бүрэн хийж гүйцэтгэлээ.
Ингэснээр олон эх үүсвэрээс авсан, үйл ажиллагаанд тохирдоггүй ИНД-үүдийг нэг эх үүсвэртэй, уялдаа холбоотой, ойлголтын зөрүүгүй ИНД болон Зөвлөмжийн цуврал, Маягтаас бүрдсэн цогц баримт бичиг болгосны зэрэгцээ өмнөх ИНД-ийн зохиомол, хэт чангаруулсан, үйл ажиллагааг боомилсон заалтуудыг иргэний нисэхийн үйл ажиллагааны цар хүрээ, төрөлд тохирсон, хэрэгжих боломжтой нэгдмэл байх гэсэн ICAO-гийн шаардлагад нийцүүлж, нэр томьёо, хэллэгүүдийг өөр өөр олон утгаар орчуулан хэрэглэж байсан дутагдлыг засаж, ИНД-үүдэд нэгдсэн нэг утгаар орчуулан хэрэглэдэг болсноор үйл ажиллагаа эрхлэгчдэд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар, тодорхой боллоо.