“Хөдөлмөрийн тухай хууль” (шинэчилсэн найруулга) батлагдан, 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан, ИНЕГ “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг Иргэний нисэхийн тухай хууль, Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн баталлаа.
ИНЕГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/131 тушаалаар баталсан ажлын хэсэг шинэчилсэн Хөдөлмөрийн дотоод журмын төслийг боловсруулж, ИНЕГ-ын Үйлдвэрчний эвлэл болон алба нэгжүүдээс санал авч, салбарын хуульчидтай хамтран ажиллалаа.
Журамд Хөдөлмөрийн тухай хуулийн өөрчлөлтүүдийн хүрээнд өмнөх Хөдөлмөрийн дотоод журмын хүрсэн түвшинг бууруулахгүй, ажилтны эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг баримталсан шинэ заалтуудыг тусгалаа.
Тухайлбал, ажлын байрны жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хөтөлбөрийн үндсэн дээр хэрэгжүүлэн ажиллах болон ээлжийн ажилтнуудын шөнийн цагийн нэмэгдлийг ажиллах нөхцлөөс хамааран нэмэгдүүлсэн. Мөн ажилтан тэтгэвэрт гарах үед ИНЕГ, түүний харъяа салбар нэгж болон Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагад ажилласан хугацааг тооцох, салбарын багшлагч мэргэжилтнүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлсэн зэрэг өөрчлөлтүүдийг орууллаа.