Иргэний нисэхийн тухай хууль 1999 онд батлагдсан. Тус хуулийн хамрах хүрээг өргөжүүлж, иргэний нисэхийн үйл ажиллагааг аюулгүй, үр ашигтай зохицуулах, ерөнхий зориулалтын нислэг, агаарын хөлөг болон агаарын тээврийн харилцааг илүү өргөн хүрээтэйгээр зохицуулах зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийг энэ онд шинэчлэн батлуулахаар ИНЕГ-ын хуульчдын баг Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан ажиллаж байна.
Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа иргэний нисэхийн үйл ажиллагааг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохицуулах, үр ашигтай, өрсөлдөх чадвартай агаарын тээврийг хөгжүүлэхэд чиглэсэн зохицуулалтуудыг шинээр оруулжээ. Ингэхдээ Олон улсын байгууллагаас гаргасан загвар хуулиуд, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомж болон Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн батлагдсан үзэл баримтлалд нийцүүлсэн байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан Иргэний нисэхийн салбарыг удирдан ажиллаж байсан үе үеийн дарга, удирдлагуудад танилцуулан, тэдний санал бодлыг сонслоо. Ахмад удирдлагууд хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцан, заалт нэг бүрт санал бодлоо хуваалцсан юм. Хамгийн гол нь шинэчлэгдэх хууль Иргэний нисэхийн салбарын эрх ашгийг хамгаалсан, бие даасан байдлыг хангахаар байх ёстойг тэд санууллаа. ИНЕГ-ын дарга ахмад удирдлагуудын саналыг Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусган ажиллахаа илэрхийллээ.