Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан 2021 оны гуравдугаар сарын 05-ны өдрийн тушаалаар Монгол улсын агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах зорилго бүхий “Агаарын тээвэр, аялал жуулчлалын салбар хоорондын хамтарсан зөвлөл”-ийн хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалт хурал ИНЕГ-т /2022.02.10/ боллоо. Тус зөвлөлд ЗТХЯ, БОАЖЯ, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ, Иргэний Нисэхийн Үндэсний Төв, МИАТ, Монголын аялал жуулчлалын холбоо, “Хүннү Эйр” ХХК, “Дисковер Монголиа”, “Изинис Эйрвэйз” ХХК, “Аэро Монголиа” ХХК, МҮХАҮТ, “Летс Трэвел” ХХК зэрэг агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшилийн байгууллагууд нэгдсэн юм.
Энэ удаагийн уулзалтаар цар тахлын үед алдагдалд орсон агаарын тээврийн салбарын цаашдын зорилго зорилт, хийж хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. Хурлын эхэнд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан Иргэний Нисэхийн салбарын “Хил хязгааргүй нисэх” бодлого төслийг танилцуулсан юм. Энэхүү бодлогын хүрээнд “Эрүүл эрх зүй”, “Чөлөөт агаарын зай”, “Хөх тэнгэр”, “Дэлхийн хүн”, “Дүүлэн нис”, “Сэтгэл татам нисэх буудал” зэрэг олон ажил төлөвлөгдсөн байна. “Хил хязгааргүй нисэх” бодлого хэрэгжсэнээр Агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлж, нислэгийн чиглэл, өрсөлдөөн нэмэгдэн, үнэ буурна гэж үзэж байгаа бөгөөд олон улсын аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, нисэх буудлын зэрэглэлийг дээшлүүлнэ. Мөн худалдаа эдийн засгийн чөлөөт бүс, карго, ложистикийн төв байгуулна, Агаарын навигацийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлнэ, Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлнэ зэрэг олон талын давуу талтай юм.
Түүний дараа ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр 2021 оны нислэгийн гүйцэтгэл, Агаарын харилцаатай холбоотой хийж гүйцэтгэсэн ажлуудаа тайлагнав. Мөн 2022 онд төлөвлөсөн ажлууд, Олон улсын болон орон нутгийн чиглэлд хийгдэх нислэгийн төлөвлөгөөг танилцууллаа.
ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлуудын бодлогын газрын дарга Ч.Одгэрэл Ерөнхий сайдаас өгсөн даалгаварын дагуу Аялал жуулчлалыг дэмжих, Агаарын замын олон улсын боомтын тоог нэмэгдүүлэх талаар асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо. Харин “МИАТ” ТӨХК-ийн зүгээс аялал жуулчлалын ид, дунд, бага үед баримтлах тийзний хөнгөлөлтийн талаар бодлогоо танилцууллаа. Ингэхдээ цар тахлаас өмнө үе буюу 2019 онд баримталж байсан үнийн бодлого болон энэ онд баримтлах үнийн бодлогын харьцуулсан дүгнэлтийг мөн танилцуулсан юм.
Үүний дараа АЖХТ-ийн захирал С.Бат-Эрдэнэ Аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай, “Дисковер Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Барсболд Аялал жуулчлал ба агаарын тээврийн стратеги сэдвээр танилцуулга хийлээ. Төгсгөлд нь танилцуулгатай холбоотой хэлэлцүүлэг хийж, зөвлөлийн дараа дараагийн хийх ажил, зөвлөлдөх сэдвийн талаар санал сэтгэгдэлээ хуваалцсан юм. Хурлаас “Агаарын тээвэр, аялал жуулчлалын салбар хоорондын хамтарсан зөвлөл”-ийн гишүүдийг илүү өргөн бүрэлдэхүүнтэй болгон шинэчлэх, тус зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс улирал тутамд хуралдах, Аялал жуулчлалын компаниудыг 2022 оны зуны жуулчны оргил ачааллын үеийн төлөвлөгөөг гаргах, Агаарын замын олон улсын боомтын тоог нэмэгдүүлэх, Агаарын тээвэр, аялал жуулчлалын хамтарсан зөвлөлийнхөө төлөвлөгөөг шинэчлэх зэрэг тодорхой хэд хэдэн ажлуудыг нэн тэргүүнд зохион байгуулж ажиллах шийдвэр гарсан байна. Ийнхүү “Агаарийн тээвэр, аялал жуулчлалын салбар хоорондын хамтарсан зөвлөл”-ийн хоёр дахь удаагийн хурал амжилттай зохион байгуулагдлаа.