Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг орчин үеийн практикт нийцүүлэх, уялдуулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гэмт хэргийг үл дэлгэрүүлэх, мөн ийм оролдлого хийхэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх тогтолцоог бий болгох, гэмт хэрэгт тооцох тодорхой үйлдлийг шинээр тодорхойлсон олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орж дотоодын хууль эрх зүйн орчныг нийцүүлэхээр ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай 2010 оны Бээжингийн конвенц, Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай 1970 оны Гаагын конвенцын нэмэлт протоколд нэгдэн орох хуулийн төслийг 2022 онд өргөн барихаар тусгагдсан.
Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай 2010 оны Бээжингийн конвенц, Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай 1970 оны Гаагын конвенцын нэмэлт протокол, Агаарын хөлөгт үйлдсэн гэмт хэрэг, бусад зарим үйлдлийн тухай 1963 оны Конвенцод нэмэлт өөрчлөлт оруулсан 2014 оны Монтреалийн Протоколын албан орчуулгатай танилцан, эдгээр конвенц, протоколд нэгдэн ороход хувь хүн, хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэх, холбогдох дотоодын эрх зүйн бичиг баримттай уялдах эсхүл зөрчилдөх эсэх талаарх саналаа bolor-erdene.b@mcaa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Олон Улсын Иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц (Бээжин)
Орчуулга (Олон Улсын Иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц Бээжин)