Нийтлэгдсэн 2022-03-17

АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГИЙН АЖИЛТНУУДЫН УСАН ДЭЭРХ АВРАН ХАМГААЛАХ ДАДЛАГА СУРГАЛТ НИСЭХИЙН ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЦОГЦОЛБОРТ ЯВАГДЛАА

“МИАТ” ТӨХК-ийн бүхээгийн ажилтнуудын усан дээрх дадлага сургалт өнөөдөр нисэхийн Эрүүл мэнд, спортын цогцолборын  усан бассейнд явагдлаа. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, агаарын хөлөг усан дээр буусан тохиолдолд зорчигчдыг богино хугацаанд авран хамгаалахад суралцдаг энэхүү сургалтыг өмнө нь БНСУ зэрэг гадны улс орнуудад хийдэг байсан байжээ. Харин одоо ИНЕГ-аас салбарын ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор, эрүүл мэндэд нь хөрөнгө оруулалт болгож бүтээн байгуулсан Эрүүл мэнд, спортын цогцолборт буюу дотооддоо бага зардлаар сургах боломж бүрдэж байна.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан дадлага сургалттай танилцах үеэрээ “ИНЕГ-аас гэрчилгээжсэн 150 гаруй нисгэгч, 300 гаруй бүхээгийн ажилтан бий. Эдгээр ажилтнуудад “МИАТ” ТӨХК-ийн Сургалтын хэлтсийн мэргэжлийн багш нар энэхүү сургалтыг явуулах боломжтой болж байна. Ингэснээр жилд 2-3 сая ам долларыг гадагш нь сургалтад зарцуулах биш Монгол Улсдаа үлдээж, салбартаа сургалтууд зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм” гэлээ.

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир “Энэ сургалтыг өмнө нь жил бүр БНСУ-ын “Korean Air” компанийн сургалтын бааз дээр явуулдаг байсан. Одоо Монгол Улс дотооддоо сургалтын нөөц баазтай болсон нь олон давуу талтай байна. Өнөөдөр манай компанийн Нислэг үйлдвэрлэлийн хэлтэс, сургалтын хэлтэс хамтран, гэрчилгээжсэн сургагч багш нар маань сургалтаа явуулж байна” гэв.

Бүхээгийн ажилтан буюу иргэдийн хэлж заншсанаар агаарын хөлгийн үйлчлэгчээр 25 жил ажиллаж байгаа “МИАТ” ТӨХК-ийн бүхээгийн ахлах ажилтан, сургагч багш Х.Ариунчимэг “Агаарын хөлөг усан дээр буусан тохиолдолд бүхээгийн ажилтнууд бид онгоц дүүрэн зорчигчдыг 90 секундэд гаргах шаардлагатай болно. Богино хугацаанд зорчигчдоо авран хамгаалахын тулд бүхээгийн ажилтан бүр өөр өөрийн үүрэгтэй байдаг. Тэр бүхнийг энэ сургалтаас сурч, жил ирэх бүр туршлагажиж явдаг” гээд өнөөдрийн сургалтанд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

“МИАТ” ТӨХК-ийн бүхээгийн багш, ажилтан Д.Мөнх-Үйлс авран хамгаалах дадлага сургалтыг анх удаа дотооддоо хийж байгаа ч сургалтын орчноос эхлээд дэвшилттэй зүйлс олон байгааг онцоллоо. Харин “МИАТ” ТӨХК-ийн бүхээгийн ахлах ажилтны орлох Н.Гүлденген “Цар тахлаас шалтгаалан сүүлийн 2 жил тасалдаад байсан дадлага сургалтыг дотооддоо хийж байгаа даа бид баяртай байна. Би бүхээгийн ажилтнаар 10 жил ажиллаж байгаа. Өмнөх жилүүдэд дандаа гадны оронд очиж суралцдаг байсан. ИНЕГ-аас салбарын ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч, спорт цогцолбор барьж байгуулсанд баяртай байна” гэсэн юм.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper