Олон улсад хөгжиж буй сансрын холбооны технологийн салбарын ололт амжилт, шинэ шийдэл, дэвшилтэт арга технологи, нэвтрүүлж буй инноваци, хөгжүүлэлтийн ажлын үр дүнд шинжилгээ судалгаа хийж орчин үеийн IP технологид тулгуурласан сансрын холбооны сүлжээг нэвтрүүлж хүчин чадлыг нэмэгдүүлэх шийдвэрийг ИНЕГ-аас гаргасны дагуу нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулах, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ашиглалтад оруулах ажлыг Холбоо, навигаци, ажиглалтын албаны инженерүүд 2022 оны 3 дугаар сарын 15-23-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
ИНЕГ 2008 онд агаарын навигацийн мэдээлэл дамжуулах хиймэл дагуулын сансрын холбооны сүлжээг шинээр суурилуулж, ашиглалтад оруулснаас хойш нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд тасралтгүй ашиглаж байгаа. Энэхүү сансрын холбооны сүлжээ нь тухай үед нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүргэсэн боловч тоног төхөөрөмжийн насжилт, мэдээлэл дамжуулах технологийн хоцролтоос шалтгаалж түрээслэж буй зурвасыг эдийн засгийн ашигтай байдлаар хэрэглэх боломж хомсдох, нислэгийн тоо өссөний улмаас дамжуулах мэдээллийн багтаамж хязгаарлагдах, ашиглаж буй зурвасын өргөн хүрэлцэхгүй болох бэрхшээлүүд тулгарсан юм.
Иймд сансрын холбооны сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд техникийн хувьд иж бүрэн нөөц бүхий сансрын холбооны сүлжээний төв станцыг Улаанбаатар хотод, алслагдсан 24 байршилд телефон яриа болон тоон өгөгдөл дамжуулах боломжтой газрын станцуудыг угсарч суурилууллаа. Шинэ технологийн сансрын холбооны сүлжээг нэвтрүүлснээр дараах давуу тал, ашигтай нөхцөл боломжууд бүрдсэн байна. Үүнд:
- Сансрын холбооны сүлжээний тоон мэдээллийг өргөн зурвасаар, өндөр хурдтай, алдаа багатай дамжуулах боломжтой болсон.
- IP технологид суурилсан агаар-газрын радио холбооны станц, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажиглалтын систем, нисэхийн суурин холбооны сүлжээ, дуун холбооны систем, шууд телефон утаснуудын мэдээллийг дамжуулах, системийг алсын хяналт, удирдлагаар хангах бүрэн боломжтой болсон.
- Нислэгийн хөдөлгөөний удирдлагын хоёр дахь төв болон нислэгийн хөдөлгөөний удирдлагын нөөц төвийг хаана ч /аль ч байрлалд/ байгуулахад тухайн байрлалд мэдээлэл дамжуулах ажлыг зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн.
- Одоогийн хиймэл дагуулын түрээсээр ашиглаж байгаа зурвасын ашиглалтыг 2 дахин нэмэгдүүлснээр эдийн засгийн үр өгөөж нэмэгдсэн.
- Цаашид сансрын холбооны сүлжээг 28 газрын станцтай болгон өргөтгөх боломжтой.
- 2008 онд суурилагдан тасралтгүй 14 жилийн туршид ажиллаж байсан сансрын холбооны сүлжээний газрын станцууд бүрэн шинэчлэгдсэнээр нислэгийн аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмжийн бэлэн байдал найдвартай ажиллагаа бүрэн хангагдсан.
- Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний VPN сүлжээг үүсгэн тоон мэдээлэл солилцох боломжоор хангагдсан.
- Нэг системд олон төрлийн боломжуудыг багтаасан технологийн энэхүү шийдэл нь агаарын навигацийн үйлчилгээнд хямд зардлаар мэдээлэл холбооны сүлжээний цогц үйлчилгээг чанартайгаар үзүүлэх боломжийг нээсэн байна.