Дэлхийд өндрөөрөө тавд эрэмбэлэгддэг, далайн түвшнээс дээш 8463 метрт орших Макалу оргилд гарсан анхны Монгол хүн болж, алтан соёмбот далбаагаа мандуулах том зорилго тээн, Непал улсыг зорих гэж буй “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Аэродромын хэсгийн Механик инженер, уулчин А.Баттогтохыг өнөөдөр ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан хүлээн авч уулзаж, авиралтад нь амжилт хүслээ.
Дэлхий дээр далайн түвшнээс дээш 8000 метр буюу түүнээс дээш өндөртэй нийт 14 оргил бий. Хамгийн өндөр тэдгээр оргилуудад Монгол хүний мөрийг гаргаж, Монголын далбаагаа мандуулах зорилготой “МОНГОЛ МӨРӨӨДӨЛ 14” төслийн эхний авиралтыг ийнхүү уулчин А.Баттогтох хийхээр энэ сарын 3-ны өдөр эх орноосоо мордох гэж байна.
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Нислэгийн өндөртэй тэнцүү оргилд гарах гэж байгаа авиралтад нь өндөр амжилт хүсье. Хамт олон чинь үргэлж дэмжиж, ард нь дээлийн захыг нь мушгиад хүлээж байна. Авиралтаа амжилттай хийгээд, эх орондоо ирэхэд нь эргээд баяртай уулзая” гээд ИНЕГ-ын туг болон дурсгалын зүйлсийг гардуулан өглөө.
Уулчин А.Баттогтох нь 2003 оноос хойш буюу 19 дэх жилдээ “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд механик инженерээр ажиллаж байна. Уулын спортын төрлүүд болох уулын алхалт, уулын гүйлт, уулын спорт аялалын төрлөөр 10 жил тууштай хичээллэж, сүүлийн 7 жилд өндөр уулын авиралтаар хичээллэж байгаа юм. Энэ хугацаандаа Өмнөд Америк тивийн ноён оргил Андын нурууны ноён оргил Аконкагуа /дтд-5642/ болон эх орныхоо 4000 метрээс дээш өндөртэй оргилуудад ихэнхэд нь авиралт хийжээ. Монгол орны хамгийн өндөр оргил болох Алтай таван богдын Хүйтний оргилд гэхэд 6 удаа авирсан байна.
Түүнд дэлхийн дээвэр болсон оргилуудын нэг Макалу оргилд амжилттай гарч, алтан соёмбот далбаагаа мандуулахын ерөөл өргөж, амжилт хүсье.