Нийтлэгдсэн 2022-04-19

“АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ – АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас зохион байгуулсан “Агаарын тээвэрлэгч – Аюулгүй ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг “Буянт-Ухаа” ОУНБ-ын хурлын танхимд өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө.  Хэлэлцүүлэгт ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан болон НААХЗА-ны удирдлага, аюулгүй ажиллагааны байцаагч нар, агаарын тээвэрлэгч компаниудын удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого, зорилго, зорилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл танилцуулав. Илтгэлдээ “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2030 он хүртэл баримтлах бодлого” бичиг баримтын зорилго нь Иргэний нисэхийн салбарыг аюулгүй, найдвартай,  хүртээмжтэй, эдийн засгийн үр ашигтай, нийгэм эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршино. Хэдийгээр сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлаас гадна олон улсад үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан, агаарын тээврийн салбар хүнд байдалд ороод байгаа ч бид аль болох алдагдал багатай даван туулахын тулд хичээн ажиллах хэрэгтэй. Биднээс үл хамаарах эдгээр бэрхшээлүүд нь урт хугацааны төлөвлөгөө гаргахад ч хүндрэлтэй байгааг бүгд мэдэж байгаа. Цаг тухай бүрт цар тахлын болоод дайны байдал өөрчлөгдөж, дэлхий даяар үүнтэй зохицон ажиллаж амьдарч байгаа учир бид ч гэсэн салбарынхаа асуудлыг хэлэлцэж, шуурхай зохион байгуулалттай ажиллах шаардлагатай. Мэдээж энэ хүнд цаг үе ард хоцорно. Тиймээс салбарын хөгжил, зорилго, зорилтуудаа хэлэлцэж, хэрэгжүүлж явах нь зүйтэй. Ингэхийн тулд хамгийн тэргүүнд тавих гол асуудал бол “Эрүүл эрх зүй”-тэй байх нь чухал. Тийм ч учраас “Хил хязгааргүй нисэх” бодлогын “Эрүүл эрх зүй” хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын зөвлөмжийн дагуу Иргэний нисэхийн салбарт бүтцийн шинэчлэл хийх, салбарын хөгжлийн шаардлагыг хангахуйц мэдлэг, чадвар, туршлагатай хүний нөөцийг бүрдүүлэх, Иргэний нисэхийн үйлчилгээнд олон улсын стандарт, зөвлөмжийн дагуу орчин үеийн дэвшилтэт техник, технологийн шинэчлэлтийг хийх, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлогын дагуу агаарын навигацийн үйлчилгээг хөгжүүлж бүс нутагтаа тэргүүлэх зэрэг салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж байна” гэсэн юм.

Үүний дараа Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч З.Амарсанаа “Нислэгийн аюулгүй ажиллагаатай холбоотой гарсан тохиолдлууд, анхаарах асуудлууд” сэдвээр танилцуулга хийлээ. Тэрбээр, агаарын хөлгийн эвдрэл гэмтэлтэй холбоотой хоёр ч тохиолдлыг жишээ болгон дурьдаж, дахин давтагдаж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх талаар агаарын тээвэрлэгчийн зүгээс болон ИНЕГ-ын зүгээс анхаарах ёстой саналуудыг хэлэв.

Мөн Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Г.Ганхуяг  “Агаарын хөлгийн техникийн дутагдал, нислэгт тэнцэх чадварын хадгалалттай холбоотой зөрчил, дутагдал, анхаарах асуудал” сэдвээр танилцуулга хийлээ. Түүний илтгэлд эрхзүйн орчин, агаарын хөлгийн мэдээлэл, шинээр нэмэгдсэн агаарын хөлөг, техникийн үйлчилгээтэй холбоотой дутагдлууд, дутагдлын ангилал, бүртгэгдсэн зөрчлүүд, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг чухал асуудлуудыг хөнджээ.

НААХЗА-ны дэд дарга Г.Амарцэцэг “Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хөтөлбөр” танилцуулсан. Үүндээ SSP эрх зүйн үндэс, SSP бүтэц, ИНААХ өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг онцоллоо. Мөн Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Ө.Оюунтуяа “Эрүүл мэндийн гэрчилгээ эзэмшигчдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн судалгаанд хийсэн эрсдэлийн үнэлгээ, анхаарах асуудлыг танилцуулсан юм. Түүний дараа Тээврийн прокурор Д.Агар Зөрчлийн хууль, зөрчил шийдвэрлэх ажиллагаатай холбоотой танилцуулга хийснээр илтгэлийн шат өндөрлөв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд салбарынхан ИНЕГ-ын дарга болон газар нэгжүүдийн удирдлагуудаас танилцуулгуудтай холбоотой асуудал болон ИНД-тэй холбоотой санал хүсэлтээ илэрхийлж, асуулт асууж, хариулт авснаар энэ удаагийн “Агаарын тээвэрлэгч-Аюулгүй ажиллагаа” хэлэлцүүлэг өндөрлөлөө.

 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper