ИНЕГ, ТЕГ-ын хамтарсан баруун бүсийн нисэх буудлуудын “Код-7” иж бүрэн дасгал сургуулилтын хүрээнд ИНЕГ болон ИНҮТ-өөс баруун бүсийн зургаан аймгийн нисэх буудлуудын ажилтнуудад зориулсан сургалт мэдээлэл хийлээ.
Сургалтын эхэнд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Хил хязгааргүй нисэх” бодлого буюу “Эрүүл эрх зүй”, “Дэлхийн хүн”, “Хөх тэнгэр”, “Дүүлэн нис”, “Чөлөөт агаарын зай”, “Сэтгэл татам нисэх буудал” гэсэн зургаан дэд бодлого бүхий 2030 он хүртэл Иргэний нисэхийн салбарт хэрэгжих хөгжлийн зорилтот хөтөлбөрийг танилцууллаа. Энэхүү танилцуулгад Иргэний нисэхийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хуулийн шинэчлэлийн үйл явц, нисэх буудлуудын батлагдсан төсөв, нисэх буудлуудын жишиг бүтэц, 2017-2021 оны нийт өнгөрөлтийн нислэгийн тоо болон 2022.04.19-ний өдөр хүртэлх нийт нислэг, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ИНЕГ-ын 2022 оны үйл ажиллагааг явуулах үе шатны төлөвлөгөө зэрэг асуудлууд багтав.
ИНҮТ-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Э.Нарантунгалаг Иргэний нисэхийн үндэсний төвийн танилцуулга, зорилго, бүтэц бүрэлдэхүүн болон Захиргаа хүний нөөцийн газрын чиг үүрэг, бүтэц, иргэний нисэхийн салбарт чадварлаг, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, тасралтгүй сургаж хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн тэргүүлэх таван зорилт, хуулийн онцлох заалтуудыг танилцууллаа.
Мөн ИНҮТ-ийн Хуулийн хэлтсийн хуулийн мэргэжилтэн П.Батбаяр “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөрийн дотоод журмын шинэчилсэн найруулга, ИНҮТ-ийн дүрмийн өөрчлөлт зэргийг танилцуулав. Энэхүү танилцуулгад ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хуульд тусгагдсан шинэ нэр томьёо, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажил олгогчийн анхаарах асуудал, хавсран ажиллах хэлбэр, орлон ажиллах хэлбэр, зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөл, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл зэрэг асуудлууд орсон байна.
Харин ИНҮТ-ийн Хөрөнгө оруулалт, захиалагчийн албаны Төлөвлөлт, гүйцэтгэлийн албаны инженер Г.Наранчимэг сургалтад хамрагдаж буй баруун бүсийн нисэх буудлуудын 2017-2021 онд хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл арга хэмжээний танилцуулга болон хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг төлөвлөхдөө хэрэгцээ шаардлага, эрх бүхий байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн боловсруулж, тэргүүлэх ач холбогдлоор эрэмбэлсэн жагсаалт гарган, дээрх шаардлагыг хангасан хавсралт материалыг бүрдүүлэх талаар зөвлөгөө мэдээллийг хүргэлээ.
Төгсгөлд нь Санхүү, эдийн засаг төлөвлөлтийн газрын Үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн албаны эдийн засагч Д.Цэцэгмаа 2017-2022 оны тоон мэдээлэл, олон улсын өнгөрөлтийн нислэгийн тоо, хөөрөлт буултын мэдээлэл, санхүү, эдийн засгийн үзүүлэлт, 2022 оны мөнгөн орлого, зарлага, сүүлийн гурван жилийн нислэгийн харьцуулсан мэдээлэл зэргийг танилцуулав.