“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын 65 жилийн ойг угтан, Иргэний нисэхийн нэрэмжит “Буянт-Ухаа” төгөл байгуулахаар ажиллаж байна. Улс орон даяар болон салбарын хэмжээнд хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан төгөл байгуулах төсвийг хамт олны хандиваар бүрдүүлэх зорилгоор “Нэг ажилтан-Нэг мод” аяныг өрнүүлсэн юм. Тус аянд ИНЕГ, ИНҮТ-ийн алба, газар, хэлтсүүд хамт олноороо нэгдэн, идэвхтэй оролцож байна.
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан мөн “Нэг ажилтан-Нэг мод” аянд нэгдэж, хувиасаа нэг сая төгрөг болон 20 ширхэг улиас мод хандивлалаа. Модыг өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын дарга Л.Отгонжаргалд хүлээлгэн өгөв.
“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын өмнөх талбайд нийт 5800 м2 талбайд мод, амрах саравч, сандал, явган зам, ногоон зүлэг бүхий төгөл байгуулна. Өнөөдрийн байдлаар төгөл байгуулах талбайд Як-18, МИ-4 загварын 2 онгоцыг байрлуулж, техникийн ажилтнууд онгоцнуудаа засварлах ажил эхлээд байна. Мөн мод тарих нүхийг ухаж бэлтгэснээс гадна амрах саравч зэрэг тохижилтын ажил хийгдэж байгаа юм.
Төгөлд ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнууд мод тарих үйл ажиллагаа бүх нийтээр мод тарих өдөр буюу тавдугаар сарын 14-ний 10 цагаас болно. Харин “Буянт-Ухаа” төглийн нээлтийг тавдугаар сарын 21-нд хийхээр төлөвлөж байна.