“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын 65 жилийн ойг тохиолдуулан, Иргэний нисэхийн нэрэмжит “Буянт-Ухаа” төгөл байгуулах ажил өрнөж байна. Энэ хүрээнд бүх нийтээр мод тарих өдөр буюу өнөөдөр ИНЕГ болон ИНҮТ түүний харьяа газар, нэгжүүд, нисэх буудлын ажилтнууд “Буянт-Ухаа” төгөлд мод тарилаа.
Өнөөдрийн үйл ажиллагааг нээж, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан хэлсэн үгэндээ “Нэг мод тарих нь нэг насны буян, хоёр мод тарих нь хойд насны буян гэдэг. Өнөөдөр Буянт-Ухаагийн буурал дэнждээ хамт олноороо өөрсдийн нэрэмжит төгөл байгуулж байгаадаа туйлын баяртай байна. Та бүхний минь итгэл сэтгэлээр бий болж буй энэхүү төгөл хүн цуглаж, хүүхэд шуугисан аз жаргалтай амралтын бүс болно гэдэгт итгэл дүүрэн байна” гэсэн юм.
Улс орон даяар болон салбарын хэмжээнд хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан төгөл байгуулах төсвийг хамт олны хандиваар бүрдүүлэх зорилгоор ИНҮТ-ийн Олон нийттэй харилцах хэсгээс “Нэг ажилтан-Нэг мод” хандивын аяныг эхлүүлэн, зохион байгуулсан. Аянд ИНЕГ, ИНҮТ болон харьяа газар нэгжүүдийн удирдлага, хамт олон идэвхитэй оролцож, 20 сая төгрөг, 100 гаруй модны суулгац цугласан юм. Мод, ногоон байгууламж, явган зам бүхий иж бүрэн “Буянт-Ухаа” төглийн нээлтийг энэ сарын 21-нд хийхээр төлөвлөж байна.